“Нүүрсний” гэх хэргийн нотлох баримтын шинжлэх судлах сонсголын эхний үе шат өнөөдөр эхлээд буй.
Өнөөдрийн сонсголоор “Тавантолгой” ХК-ийн (жижиг) нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ, худалдан авалтын үйл ажиллагааны талаар мэдээлэл авч байна.
Гэрчээр оролцож буй Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга асан Х.Сугир “2000-2012 онд Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр дөрвөн удаа сонгогдож ажилласан. 2016-2020 онд ИТХ-ын даргаар ажилласан.
2018 онд Улаанбаатар хот болон Өмнөговь аймагт ч тэр “Тавантолгой” ХК-д орох орлогыг багадаа 16 аргаар бууруулж, гүйцэтгэх удирдлагаар болон ТУЗ-ийн гишүүдээр ажиллаж байсан хүмүүс хуувилдаж хохироож байсан гэж олон удаа мэдээлж байсан.
Би энэ хулгайг таслан зогсоож, аймагт орох орлогыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байсан. 51 хувийг 1994 онд өмч хувьчлалын комиссоор анх Өмнөговь аймгийн өмч болгосон.
Д.Бат-Эрдэнийг гүйцэтгэх захирал болон ТУЗ-ийн даргаар тавьснаас хойш “Тавантолгой” ХК-д орох орлогыг олон аргаар бууруулж ирсэн.
Тухайлбал 2008 оны тавдугаар сард орон нутгийн өмчит Тавантолгой аман дээрээсээ 25 ам.доллароор гадаад зах зээлд нүүрс борлуулах үнийг тогтоосон байдаг. Гэтэл Д.Бат-Эрдэнэ гурван жил ТУЗ-ийн даргаар ажиллахдаа Хятадын талд нүүрсний үнэ хамгийн өндөр байх үед ч нэг ч доллар нэмэгдүүлээгүй. Ажлаа өгөхдөө 37 ам.доллар болсон байдаг.
Д.Бат-Эрдэнэ “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга байх гурван жилийн хугацаанд 14 сая тонн нүүрсийг 25 ам.доллароор худалдсан. Судлахад багадаа 70 ам.доллароор зарах бололцоо байсан.
Учир нь 14 сая тонн нүүрсний 60-аас дээш хувь нь Д.Бат-Эрдэнийн байгуулсан “Тавантолгой Транс” ХХК-ийн худалдаж авсан байна. Энэ компанидаа л илүү ашиг олж байвал орон нутгийн 51 хувь хамаагүй” гэв.