Улсын төсвийн хөрөнгөөр том оврын автобус худалдан авах тендерийн сонгон шалгаруулалтын процессын талаар өнөөдөр мэдээлэл өглөө.
Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг “Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар том оврын автобус нийлүүлэх тендерийг зохион байгуулж, үнэлгээний хороог байгуулсан. Үнэлгээний хорооноос 11 дүгээр сарын 24-нд олон нийтэд нээлттэйгээр тендерийг задалсан. Тендерт таван ААН материалаа ирүүлсэн. Эдгээрээс дөрвөн оролцогчийн материал бидний тавьж буй техникийн шаардлагад нийцээгүй.
БНХАУ-ын “Yutong Bus” компанийн 165 тэрбум 589 сая 920 мянган төгрөгөөр 600 автобусыг нийлүүлэхээр тендерт тэнцсэн шийдвэрийг Үнэлгээний хорооноос гаргасан байна.
Үнэлгээний хороо тендерт тэнцсэн, тэнцээгүй мэдэгдлүүдийг тендерт оролцсон компаниудад илгээж байна. Уг мэдээлэл хуулийн хугацаатай, ажлын өдрүүдэд ААН-үүдээс хариу хүлээнэ. Энэ хугацаанд асуудал гарахгүй бол автобус худалдан авах гэрээг байгуулах юм. Энэ онд багтаан БНХАУ-ын “Yutong Bus” компанийн үйлдвэрлэсэн нийтийн тээврийн автобусыг үйлчилгээнд гаргах ажлыг шуурхай зохион байгуулна.
Тендерт тэнцсэн “Yutong Bus” компанийн анх батлагдсан төсөвт өртгөөс буюу санал өгснөөс 17.8 тэрбум төгрөгийн хэмнэлт үүсгэхээр байгаа.
Тендерийн процессын ажил үргэлжилж байна.
Ажлын тав хоногийн хугацаанд гомдол гараагүй бол гэрээ байгуулах хуультай. Тендерийн үнэлгээний хорооны үйл ажиллагаанд захиалагч оролцох боломжгүй. Тендерт оролцогч компаниуд бие биеийн материалтайгаа танилцах боломжтой. Тендерт маргаан гарахгүй бол энэ онд багтаан 300 автобусыг авна. Автобусыг авсны дараа камер суурилуулах, иргэдийн төлбөрийн асуудлыг уян хатан болгоно. Олон нийт хяналт тавих боломжийг олгох үүднээс эдгээр мэдээллийг өгч байна.
Ая тухтай автобусаар зорчих боломжийг хангахыг эрмэлзэж байгаа” хэмээн ярилаа.