УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин малын махны үнийг унагаахгүй байх, мах экспорт хийж буй компаниудад хөнгөлөлттэй зээл өгч байгаа талаар салбарын сайдаас асуулт асуув.
ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун: Малын махыг ямар нэгэн байдлаар квотгүй экспортолдог. Одоогийн байдлаар 70,000 тонн махыг экспортод гаргасан. Мал мах бэлтгэдэг ААН-үүдэд зургаан хувийн хөнгөлөлттэй зээл олгож байгаа. Энэ салбарын компаниуд өндөр хүүтэй банкны зээл авахгүйгээр ажиллаж байгаа гэсэн үг.
Нийслэлд энэ жил 48 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн төсөв тавигдсаныг авч хэрэглэсэн. Ирэх оноос ч гэсэн энэ салбарын ААН-үүдэд хөнгөлөлттэй зээл олгох ажил үргэлжилнэ.
Гурилын үйлдвэрүүдээс жилдээ 60-70 мянган тонн тэжээл гардаг. Бусад дагнасан үйлдвэртэйгээ нийлээд жилд 100 мянган тонн тэжээл гардаг гэсэн үг. Одоогоор 20 мянган тонн тэжээлийг экспортод гаргасан. Энэ жил тэжээл нэлээд үнэд орсон. Манай улсын тэжээлийн үнэ Өвөр монголынхоос өндөр байна.
Хүнс, хөдөө аж ахуйн өвөлжилтийн нөхцөл байдлын талаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл өглөө.
Тэрбээр “Энэ жил Монгол Улсын нутаг дэвсгэрийн 50 хувь нь зудын өндөр эрсдэлтэй гэсэн тооцооллыг мэргэжлийн байгууллагууд гаргасан. Нийт 10 аймгийн 22 сум цагаан зуд, найман аймгийн 26 сум цагаанаар зудархуу нөхцөлд шилжсэн.
Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндрэх магадлалтай байгаа тул малчдыг мал, махаа эдийн засгийн эргэлтэд оруулж, эрсдэлийг бууруулахыг Улсын онцгой комиссоос уриалж байна” хэмээн ярив.