УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж такси үйлчилгээтэй холбоотой заалтын талаар хотын даргаас асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Зөрчлийн тухай хуулийн 6.30.4 хэсэгт зөвшөөрөлгүй такси үйлчилгээ эрхэлбэл гурван сая төгрөгөөр торгох асуудал орж ирж байна. Улаанбаатар хот шар дугаартай нийт 200 такситай. Гэтэл “Ubcab” 40 мянган хэрэглэгчийг цахимаар бүртгээд үйл ажиллагаа явуулж байна. Улаанбаатарын таксины хэрэглээг хувийн машинтай хүмүүс хангадаг.
Нийтийн тээвэр хүртээмжгүй үед такси үйлчилгээг хязгаарлавал түгжрэл улам нэмэгдэнэ. Гурван сая төгрөгөөр торгоно гэдэг чинь арай хэтэрхий өндөр байна. Энэ хууль хэрэглэгдэх явцад хүмүүсийг торгох юм уу?
Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Ubcab” таксины үйлчилгээнд хамаарахгүй.
Хууль батлагдсаны дараа хэрэгжүүлэхтэй холбоотой олон дүрэм журам батлагдаж шинэчлэгдэнэ. Энэ явцад “Ubcab”-ын харилцаа нь Зам, тээврийн хөгжлийн сайдын зорчигч тээврийн дүрмээр зохицуулагдах юм.
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль ирэх оноос үйлчилж эхэлнэ. Энэ тохиолдолд хотын нүүр царай болж, дүрэмд нийцсэн, тусгай такси үйлчилгээ эрхлэхийг хүсэгчидтэй нийслэлийн зүгээс хамтарч ажиллаж тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг явуулна.
Үргэлжлүүлэн таксины тусгай зөвшөөрлийг хэзээ олгох талаар мэдээлэл өгөв.
Тэрбээр “Ирэх оноос тусгай зөвшөөрөлтэй такси үйлчилгээ нэвтэрнэ. Одоогийн тохиолдолд хувиараа такси эрхэлж буй хүмүүс “car sharing” үйлчилгээнд нэгдэх боломжтой. Тодорхой нөхцөл болзлыг хангаж, сургалтад суувал тусгай зөвшөөрөл бүхий тоноглолтой таксины үйлчилгээ эрхлэх шилжилтийг хийхээр зохицуулсан.
Улаанбаатарын хэмжээнд такси үйлчилгээ үзүүлж буй 83 мянган хүн ажлаас гэр рүү явах зам, завтай үеэрээ хийдэг гэсэн судалгаа гарсан байгаа” хэмээн ярилаа.