Түүнчлэн УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох тухай асуудлыг хэлэлцэж, дэмжив. УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан өөр албан тушаалд томилогдсон тул Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Энхбатыг томилуулахаар санал болгож байгааг танилцууллаа.
Д.Энхбат нь 1997 онд нийслэлийн 78 дугаар дунд сургууль, 2001 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. 2008 онд Удирдлагын академийг Төрийн удирдлагын магистр, 2013 онд БНХАУ-ын Өвөр Монголын их сургуульд докторын зэрэг хамгаалжээ. Тэрбээр төрийн албанд 15 жил, үүнээс 11 жил Улсын Их Хурлын Тамгын газарт ажиллаж байгаа аж.
Ажилласан байдал:
- 2009-2017 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэст зөвлөх,
- Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ахлах зөвлөх,
- 2017-2022 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт-шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газар, Салбарын удирдлага, зохицуулалтын газарт Засгийн газрын ахлах референт,
- 2022 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын Хуралдаан зохион байгуулах хэлтсийн дарга, мөн оноос Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын Байнгын хорооны асуудал хариуцсан хэлтсийн даргаар ажиллаж байгаа аж.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Хуралдаанаар Хүний эрхийн үндэсний комиссын даргыг чөлөөлөх тухай асуудлыг УИХ хэлэлцэв.
Тэрбээр “Жаргалсайхан овогтой Хунан миний бие 2022 оны зургадугаар сарын 17-ны өдрөөс Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын албан тушаалд томилогдон ажиллаж байгаа бөгөөд Комиссын гишүүд цаашдаа Комиссын даргын албан тушаалыг ротацын зарчмаар сэлгэн хаших нь зүйтэй хэмээн санал нэгдсэн. Иймд Комиссын даргын албан тушаалаас чөлөөлж, дараагийн даргыг томилж өгөхийг хүсье” гэсэн хүсэлтийг УИХ-ын даргад ирүүлжээ.
ХЭҮК-ын дарга Ж.Хунанг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг гишүүдийн олонх дэмжсэнээр тогтоолыг батлав.