2024 оноос хэрэгжиж эхлэх хувь Хүний Орлогын Албан Татвар (ХХОАТ)-ын өөрчлөлтийг иргэдэд танилцуулах уулзалт Татварын Ерөнхий Газар (ТЕГ)-т өнөөдөр боллоо.
Энэ үеэр Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар (НӨАТ) болон Аж Ахуйн Нэгжийн Орлогын Албан Татвар (ААНОАТ)-тай холбоотой ямар өөрчлөлт ирэх оноос хэрэгжих талаар Татварын Ерөнхий Газрын дарга Б.Заяабал мэдээлэл өгөв.
Тэрбээр “2024 оны төсвийн тухай хуулийг УИХ-аар батлах үеэр татварын тухай хуулийн зарим заалтад өөрчлөлт орсон. Засгийн газрын төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд Улаанбаатарт барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг ААН алслагдсан сум дүүрэг болон орон нутагт орон сууц барих, түрээслэх, зарах тохиолдолд ААНОАТ-ыг 50-90 хувь хөнгөлөх болсон” гэв.
Үргэлжлүүлэн малчдын ХХОАТ-тай холбоотой өөрчлөлтийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Малчин өрх малын гаралтай бүтээгдэхүүнүүдээ зарах бүрдээ олж буй орлогынхоо хэмжээгээр и-баримт зайлшгүй өгөх хуулийн зохицуулалттай.
Тус зохицуулалтын дагуу малчид и-баримтаа үүсгээд явах үедээ 50 сая төгрөгөөс дээш орлого олсон тохиолдолд НӨАТ-ын хуулийн дагуу суутган төлөгч буюу 10 хувийн татвар төлөх ёстой.
Гэтэл малчид 50 саяын босго давж, НӨАТ-ын суутган төлөгч болохоосоо төвөгшөөж малын гаралтай бүтээгдэхүүнээ дотоодын үйлдвэрүүд бус худалдаачдад зарах асуудал үүсдэг. Энэ нь дотоодын үйлдвэрүүдэд хүндрэл учруулдаг байна.
Дээрх хүндрэлүүдийг шийдэх үүднээс малчдыг НӨАТ-ын 10 хувь суутган төлөгч болох үүргээс нь 100 хувь чөлөөлсөн. Хэчнээн төгрөгийн орлого олж баримт шивсэн ч НӨАТ-ын суутган төлөгч болохгүй гэсэн үг” хэмээн тайлбарлав.