Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Энэ үеэр Хууль Зүй, Дотоод Хэргийн Яам (ХЗДХЯ)-нд бүртгэлгүй 850 журмыг шууд хүчингүйд тооцох Засгийн газрын шийдвэрийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр дараах мэдээллийг өгөв.
Мөн гүйцэтгэх эрх мэдлээс баталсан 2,500 гаруй журмыг хоёр дахин багасгаж, хүчингүй болгох талаар хэллээ.
Энэ талаар “ХЗДХЯ-нд бүртгэлгүй буюу баталчхаад Хууль зүйн яаманд бүртгүүлээгүй 850 журам байгаа нь тогтоогдлоо. Нийт 2,500 журмаас тусдаа 800 журам байна гэсэн үг. Ийм учраас сая Ерөнхий сайд улс төрийн шийдвэр гаргасан.
- Нэгдүгээрт ХЗДХЯ-нд бүртгэлгүй 850 журмыг шууд хүчингүйд тооцно.
- Хоёрдугаарт захиргааны хэм хэмжээний актын бүртгэлтэй, гүйцэтгэх эрх мэдлээс баталсан журмыг хоёр дахин багасгаж, 1,200 гаруй журам хүчингүй болж байна” хэмээв.
Тэрбээр “10 жилийн өмнө Монгол Улсад 400 хууль, 1,000 журмаар нийгмийн харилцааг зохицуулдаг байв. Одоо 2,000 журам бүртгэлтэй байна.
Гурван долоо хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээр Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын төлөөллүүдтэй хамт хуралдсан.
Энэ үеэр хувийн хэвшлийнхэн бизнес хийхэд чөдөр тушаа болж байгаа асуудлыг ярьсан. Уг асуудал хууль гэхээс илүү журмуудад байна гэдгийг хувийн хэвшлийнхэн хөндөж байлаа. Үүнтэй холбоотойгоор ХЗДХЯ-наас тэдгээр журамд дүн шинжилгээ хийж үзсэн.
Өнөөдөр Монгол Улсад хэчнээн хууль үйлчилж байгаа вэ? гэх асуултын хариултыг гаргалаа.
Бид 600 гаруй хуультай гэж бодож явсан. Legalinfo дээр байгаа хүчингүй болгосон, цуцалсан бүх хуулийг хасахад өнөөдрийн байдлаар Монгол Улсад нийт 437 хууль хүчин төгөлдөр үйлчилж байна.
Эдгээр хуулийн 300-д нь журам батлах эрх олгосон заалт байна. Тодруулбал 300 гаруй хуульд 2,500 нь журам батлахаар хуульчлагджээ” гэв.
Мөн “Өнөөдрийн байдлаар улсын нэгдсэн бүртгэлд 2,395 журам бүртгэлтэй байна. Ямар журмууд ингэж олноороо бүртгэгдэх болов.
2018 онд манай улс 906 журамтай байсан бол сүүлийн хэдэн жилийн дотор 2,500 болтлоо эрс нэмэгджээ.
Хамгийн гол нөлөөлөгч хүчин зүйл нь Хог хаягдлын тухай хууль, Малын тоо толгой, албан татварын тухай хууль, Эрчим хүчний тухай хуулиудаар 800 гаруй журмыг Иргэдийн төлөөлөгчдийн хурал батлахаар хуульчилсантай холбоотой байна.
Эдгээр журмыг яам, агентлагаар нь авч үзэхэд 2,300 журмын 33 хувийг нь сайд нар баталжээ.
Засгийн газраас 600 гаруй журам баталсан байна. Тодруулбал:
- Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам 89
- Барилга, Хот Байгуулалтын Яам 146
- Сангийн Яам 88
- Хууль Зүй, Дотоод Хэргийн яам 91 гэх мэтээр хамгийн олон журам баталжээ.
Засгийн газрын агентлагуудаас нийт 173 журам батлагдсан байна. Тухайлбал:
- Гаалийн Ерөнхий Газар 35
- Татварын Ерөнхий Газар 47
- Мал Эмнэлгийн Ерөнхий Газар 25 журам баталсан.
Түүнчлэн УИХ-ын харьяа байгууллагууд 143 журам баталсан байна. Эндээс хамгийн олныг нь дурдвал Санхүүгийн Зохицуулах Хороо 66, Монголбанк 36 журам баталжээ” гэв.