Хөгжлийн түншлэгчдийн уулзалт “Grandkhaan Irish”-д өчигдөр зохион байгуулагдлаа.
Уулзалтад Монгол Улсад суугаа гадаад улсын дипломат болон консулын төлөөлөгчийн газар, Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ), түүний төрөлжсөн болон олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газрын тэргүүн нар оролцсон юм.
Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн арваннэгдүгээр сарын 25-наас арванхоёрдугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг тэмдэглэн өнгөрүүлдэг.
Энэ жилийн аян “Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд хөрөнгө оруулцгаая” уриатайгаар зохион байгуулагдаж байгааг Жендэрийн Үндэсний Хороо (ЖҮХ)-ны гишүүн Л.Цэдэвсүрэн хэлж байлаа.
Мөн тэрбээр “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв анх 1997 онд энэхүү аяныг санаачилж, Монгол Улс даяар хэрэгжүүлж байсан түүхтэй. Түүнээс хойш жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох чиглэлд нийгмийн бүхий л салбар хүрээг хамарсан.
ЖҮХ нь статистик тоон мэдээлэлд үндэслэн үйл ажиллагаагаа явуулж, бодлого төлөвлөлтөө гаргадаг. Зарим тоон мэдээг дурдвал
- 2023 оны эхний хагас жилд гэр бүлийн хүчирхийллийн улмаас амь насаа алдсан хүний тоо өмнөх оноос 20 хувиар өссөн байна.
- Хүүхдүүдийн 33 хувь нь цахим орчинд хүүхдийн бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой контент үздэг.
- Эрчүүдийн 10 хувь нь цахим орчинд ямар нэгэн хэлбэрээр бэлгийн дарамтад өртөж байна гэх харамсалтай тоон мэдээлэл бий” гэлээ.
Улсын хэмжээнд 2023 оны эхний хагас жилийн байдлаар нэг цэгийн үйлчилгээний төвүүд, түр хамгаалах байруудад 1,500 гаруй иргэн ханджээ. Үйлчилгээ авсан иргэдийн 575 нь эмэгтэй, 153 нь эрэгтэй байсан аж.
Мөн хөгжлийн бэрхшээлтэй 24 иргэн, насанд хүрээгүй 295 хөвгүүн, 460 охин эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, сэтгэл зүйн үйлчилгээг эдгээр төвөөр дамжуулж авчээ.
ЖҮХАА-ны Тогтвортой хөгжлийн бодлогын хэлтсийн дарга С.Батцэцэг “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг дэлхий нийтээр жил бүр уламжлал болгон тэмдэглэдэг.
Засгийн газар, иргэний нийгмийн байгууллага, хувь хүн зэрэг бүхий л талууд нэгдэж, охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооход дуу хоолой, үйл ажиллагаагаа нэгтгэх зорилготой арга хэмжээ.
Энэхүү аянд нэгдэхээр түншлэлийн байгууллагууд маань ирээд байна.
Зарим тоон мэдээллийг танилцуулъя.
- Монголд хоёр эмэгтэй тутмын нэг нь жендэрт суурилсан хүчирхийллийн аль нэг хэлбэрт өртсөн талаарх судалгааны мэдээ бий.
- Гурван монгол эмэгтэй тутмын нэг нь бэлгийн хүчирхийлэл, бие махбодын хүчирхийлэлд өртдөг.
- Цаашилбал ажлын байрны бэлгийн дарамтад эмэгтэйчүүдийн 20 хувь нь өртөж байна.
Жендэрт суурилсан хүчирхийллийн улмаас хохирсон иргэдийн 90 орчим хувь нь охид, эмэгтэйчүүд байна. Энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоох зайлшгүй шаардлагатай” гэлээ.