Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн томуугийн үндэсний төвийн Тандалт судалгааны албаны дарга А.Бурмаа мэдээлэл өглөө.
Тэрбээр “Сүүлийн долоо хоногт улсын хэмжээний нийт амбулаториор 200 гаруй мянган хүн үйлчлүүлсэн. Эдгээрийн 5.4 хувь нь томуу, томуу төст өвчнөөр оношлогджээ. Тодруулбал
- Улаанбаатар хотод 5.8%
- орон нутгийн дундаж нь 5.2%-ийн үзүүлэлттэй байна.
Энэ үзүүлэлт өмнөх долоо хоногуудаас нэмэгдсэн.
Улсын хэмжээнд 10 мянган хүн ам тутамд 36 хүн томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдсон бол Улаанбаатар хотод 30 хүн, орон нутагт 41 хүн өвчилсөн гэх мэдээлэл байна. 10 мянган хүн амтай харьцуулсан үзүүлэлт мөн өмнөх долоо хоногоос нэмэгджээ.
Нийт түргэн тусламжийн дуудлагаас томуу, томуу төст өвчний шалтгаантай дуудлага нэмэгдсэн. Улсын хэмжээнд нийт дуудлагын 16 хувийг, Улаанбаатар хотод 40 гаруй хувийг эзэлж буй.
Эмнэлэгт хэвтэгсдийн дунд уушгины хатгалгаа, бронхит зэрэг хүндрэлээр хэвтэж байгаа хүмүүс 16.3 хувийг эзэлж байна. Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 84 хувийг 15 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. Үүнээс дөрөв хүртэлх насныхан 60 гаруй хувийг эзэлж байна. Амьсгалын замын цочмог хүнд халдвараар хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн 90 хувь нь 15 хүртэлх насныхан байна. Үүнээс дөрөв хүртэлх насныхан мөн 60 гаруй хувийг эзэлж байна.
300 мянган хүн тун вакцин татан авч дархлаажуулалт хийсэн бөгөөд энэ сарын 22-ны байдлаар улсын хэмжээнд 87.1 хувьтай явна. Нийслэлд 83 орчим хувьтай явж байгаа. КОВИД-19 үед авч байсан урьдчилан сэргийлэх арга хэмжээг томуу, томуу төст өвчний үед ч бас авах хэрэгтэй” хэмээн хэллээ.