Нийтийн тээврийн автобус худалдан авах олон улсын тендерт таван компани саналаа ирүүлснийг НЗДТГ-аас өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, зарлалаа. Эдгээр компани бүгд үнийн хөнгөлөлтгүй санал ирүүлсэн бөгөөд “Майнс ап” ХХК, Xiamen King Long United Automotive Industry Co.,Ltd, Yutong Bus Co.,Ltd-ийн зүгээс тендерийн баталгааг 917,193,165 төгрөг байхаар илгээжээ.
Харин Xiamen Golden Dragon Bus Co.,Ltd-н хувьд 300,000 ам.долларын тендерийн баталгааны санал ирүүлсэн бол China North Vehicle Corporation LTD-н зүгээс тендерийн баталгааны санал ирүүлээгүй байна.
Нийтийн тээврийн автобус нийлүүлэх санал ирүүлсэн таван компани:
- “Майнс ап” ХХК – 178,817,556,720 төгрөг
- Xiamen King Long United Automotive Industry Co.,Ltd – 147,686,834,611 төгрөг
- Yutong Bus Co.,Ltd – 165,589,920,000 төгрөг
- Xiamen Golden Dragon Bus Co.,Ltd – 156,932,775,600 төгрөг
- China North Vehicle Corporation LTD – 52,602,468 төгрөг.
Мэдээллийн дараа албаныхан сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-Тендерийг хэд хоногийн хугацаанд шалгаруулж дуусах вэ?
Нийтийн тээврийн автобус худалдан авах Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Б.Батмөнх: Хуульд заасны дагуу 30 хоногийн дотор үнэлгээ хийх ёстой. Бид аль болох богино хугацаанд шалгаруулна.
Тендерийн бичиг баримтад 600 автобусыг 183 тэрбум төгрөгөөр авахаар тусгасан.
-Автобусны гараашны талаар мэдээлэл өгөхгүй юү?
Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонжаргал: Нийтийн тээврийн гарааш орон нутгийн өмчит компаниудад хүрэлцээтэй, хувийн хэвшилд нийтийн тээвэрт явж байгаа автобусны 70 орчим хувьд нь гарааш байгаа. Энэ оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар 12-аас дээш жил болсон 465 автобус үйлчилгээнээс хасагдана.
-Нийтийн тээврийн үйлчилгээнд хэчнээн жолооч ажиллаж байна вэ?
-Нийтийн тээврийн салбарт нийт 1,887 жолооч шаардлагатай гэдэг судалгаа гарсан.
Өнөөдрийн байдлаар 221 жолоочийн орон тоо сул байна. Жолооч нарын гар дээр авч байгаа цалин 1.7-2 сая төгрөг байна. Автобусны хүртээмж хангалтгүй байгаагийн нэг шалтгаан нь жолооч. Иймээс нийтийн тээврийн салбарын цалинг нэмэгдүүлэхээр НИТХ-д санал гаргаад буй. Жолооч нарын 23 хувь нь 10-аас дээш жил ажиллаж байгаа.