УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Ганибал малчид хэцүү нөхцөл байдалд орсныг дурдаад дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр “Саяхан цасан шуурганы улмаас малчид төөрсөн. Малчид яагаад төөрсөн бэ гэдгийг бид бодох ёстой. Зарим малчинд өвөлжөөндөө буух шатахуун байхгүй байна. Тийм учраас малынхаа араас явган явж төөрч байгаа.
Шатахууныг малчдад ойртуулж өгмөөр байна. Малчид шатахуунгүй байгаа учраас өвөлжөөндөө өвс тэжээлээ буулгаж чадахгүй байгаа. Сүхбаатар, Архангай аймагт энэ нөхцөл үүсээд байна. Ийм нөхцөл байдлыг Засгийн газар үүсгэлээ.
Малчид их хэмжээгээр малаа нядалж байна. Малын махаа яаж борлуулах тухайд бүгд толгойгоо гашилгаж байгаа.
Махны экспорт хийж буй үйлдвэрүүдэд богино хугацааны зээл олгож, худалдан авах чадварыг нь нэмэгдүүлмээр байна. Ямар нэг хүнд сурталгүйгээр мах экспортлох боломжийг олгох зайлшгүй шаардлагатай. Хөдөө аж ахуйн яам энэ тал дээр бодит ажил хийхгүй байна.
Энэ өвөл их онцлог жил болж байна. Гэнэт хүйтэрч бас дулаарч байгаагаас бэлчээр их хэмжээгээр дарагдаж байгаа” хэмээв.