Нийслэлийн түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, сайд Б.Дэлгэрсайхан метротой болох шийдвэр гаргасан талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Улаанбаатар хотод метротой болох асуудлыг Засгийн газрын хуралдаанд арваннэгдүгээр сард танилцуулсан.
Өнөөдрийн хуралдаанаар их хэмжээний багтаамжтай тээврийн хэрэгсэл буюу метроны танилцуулгатай холбоотойгоор ТЭЗҮ-ийг боловсруулах, зураг төслийг хийх, 12 дугаар сард багтаан ТЭЗҮ хийх олон улсын тендер зарлах үүргийг өглөө. ТЭЗҮ-ийг боловсруулах, зураг төслийг хийх мөнгийг нийслэлийн төсвөөс гаргахаар боллоо.
Метротой холбоотой ТЭЗҮ-ийг 2013 онд ЖАЙКА, 2011 онд КОЙКА, 2022 онд БНХАУ-ын төмөр замын дөрөвдүгээр товчоо хийсэн байдаг. Эдгээрт үндэслэн метроны ТЭЗҮ-ийг хийх боломж бүрдэж байгаа.
Газар доогуурх тээврийн хэрэгсэл буюу метро барих шийдвэр Засгийн газрын түвшинд анх удаа гарлаа.
Метро барих хөрөнгийн эх үүсвэрийг Засгийн газар шийдэж өгөхөөр боллоо.
Чиглэлийн хувьд Амгалангаас Яармагийн дэнж хүртэл 22.3 километр ажлыг хийх төслийг танилцуулж байгаа.
2024 оны нэгдүгээр сард барилга, угсралтын гүйцэтгэлийн тендерийг зарлана.
2024 оны зургаадугаар сард барилга угсралтын нээлтийн үйл ажиллагааг хийнэ
2024 оны тавдугаар сард метро барих ажлыг эхлүүлнэ.
2027 онд барилгын ажил дуусаж, туршилт хийнэ.
2028 онд метротой болохоор төлөвлөсөн.
Хоёрдугаарт үүнтэй зэрэгцээд Хөшигийн хөндий рүү ил замаар метро явуулах асуудлыг танилцуулсан. Үүнийг нийслэл өөрөө хөрөнгө гаргах, төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих асуудлыг ТЭЗҮ гарсны дараа шийднэ” гэв.
ТЭЗҮ буюу зураг төсөл гарсны дараа метро барих нийт үнэ гарах аж. 2013 онд ЖАЙКА-гийн хийсэн урьдчилсан ТЭЗҮ-гээр 1.7 сая ам.долларт метро барих боломжтой гэсэн асуудлыг ярьж байгааг тэрбээр хэллээ.