УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдаанаараа Хүний эрхийн Үндэсний Комиссын мэдээллийг сонсов.
Зэвсэгт хүчний … дугаар ангид цэрэг амь насаа алдсан асуудалтай холбогдуулан авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар ХЭҮК-ын дарга Ж.Хунан мэдээлэл танилцууллаа.
Зэвсэгт хүчний … дугаар ангид энэ сарын 13-ны өдөр байлдагч амь насаа алдсан бөгөөд Комисс мэдээлэл авсан даруйдаа холбогдох талуудаас мэдээлэл авч, тодруулж ажилласан байна. Тухайн өдөр цагдаагийн байгууллагын бүрэлдэхүүн … дугаар ангид ажиллаж байсан учраас хэргийн газрын үзлэгт саад болохгүйн тулд арваннэгдүгээр сарын 13-ны өдөр тухайн анги дээр очоогүй гэв. Маргааш нь буюу арваннэгдүгээр сарын 14-ний өдөр Комиссын 14 бүрэлдэхүүнтэй баг зэвсэгт хүчний … дугаар ангид очиж, ажиллажээ.
Хүний эрхийн Үндэсний Комиссын бүрэлдэхүүн зэвсэгт хүчний … дугаар ангид ажиллах үеэр тухайн ангийн нийт алба хаагч, байлдагчид нэгдсэн журмаар эмнэлгийн үзлэг, шинжилгээнд хамрагдаж, удирдлагууд нь авч явсан байсан учир эрүүл мэндийн дэвтэр, холбогдох баримт бичигтэй танилцах боломжгүй байсныг дурдав.
Зэвсэгт хүчний … дугаар ангид ХЭҮК-ын баг бүрэлдэхүүн ажиллахдаа тухайн ангид алба хааж байгаа байлдагч нартай ганцаарчилсан ярилцлагыг хийжээ.
Нийтдээ 138 хүнтэй, хоёр өдрийн турш ганцаарчилсан ярилцлага хийсэн байна. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор цагдаагийн байгууллагаас камерын бичлэг, төхөөрөмжийг шалгахаар авсан байсан учир тухайн ангийн камерын бичлэгийг үзэх боломжгүй байжээ. Тиймээс баг бүрэлдэхүүн хугацаат цэргийн алба хаагчдын байр, эмнэлэг, спорт төв, гал тогоо, ариун цэвэр сахих байгууламжид хяналт, шалгалт хийж, зэвсэгт хүчний … дугаар ангийн байлдагчид шаардлага хангахгүй нөхцөлд үүрэг гүйцэтгэж байсан гэх урьдчилсан дүгнэлт гаргасан гэдгийг Ж.Хунан дарга мэдээлэв.
Ганцаарчилсан ярилцлагын үеэр хугацаат цэргийн алба хаагчид долоо хоногт нэг удаа усанд ордог, ариун цэвэр сахих боломжгүй байдаг, хоолны чанар муу байгаа талаарх саналыг олон давтамжтай хэлсэн байна.
Камерын хяналт сул байдгаас байлдагчдын хувийн эд зүйлс алга болох тохиолдол цөөнгүй байдаг талаар дурдагджээ.
Түүнчлэн байлдагчид нийтдээ ханиалгатай, уушгины хатгалгаа туссан байх магадлалтай байсан ч цөөн эм өгөх төдийгөөр эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлсэн байсан нь Комиссын баг бүрэлдэхүүний анхаарлыг татсан.
ХЭҮК өнгөрсөн хугацаанд хугацаат цэргийн алба хаагчийн алба хааж буй нөхцөл байдлын талаар судалж, анхаарал хандуулж ирсэн. Цаашид цэрэг татлагын үйл явцыг хянан шалгах, дүн шинжилгээ хийх шаардлага бий. Энэ чиглэлээр ажиллахаар төлөвлөж байна.
Оюутнуудыг цэрэгт татсанаас үүдэн сургалтын төлбөрийн асуудалдаа санаа зовж буй талаараа цөөнгүй байлдагч хэлж байсныг дурдаад, анхаарах ёстой асуудал. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан хууль хяналтын байгууллагууд холбогдох ажиллагаа явуулж байгаа тул эцсийн дүгнэлт гаргаагүй бөгөөд холбогдох баримт, мэдээлэлтэй танилцаж, нягталсны дараа эцсийн дүгнэлт гарч, зөвлөмж, шаардлагыг холбогдох байгууллагуудад хүргүүлнэ гэв.
Хүний Эрхийн Комиссоос хугацаат цэргийн алба хаагчдын эрх, ашиг сонирхол зөрчигдөж байгаа гомдол, мэдээлэл хүлээн авах 92050222 тусгай дугаарыг нээж, хугацаат цэргийн алба хаагчдын, энэ хүрээнд сүүлийн таван жилийн доторх мэдээлэл, гомдлыг хүлээн авч байгаа аж.