“Дэлхийн жорлонгийн өдөр”-ийг тохиолдуулан байгаль орчны мэргэжилтнүүд нүхэн жорлонгийн шинэчлэлийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Мэргэжилтнүүдийн өгсөн мэдээллээр Монгол Улсад 900,000 өрх байгаагийн 22 хувь нь орон сууцанд амьдарч байна. Үлдсэн хэсэг нь гэр хороололд амьдардаг буюу манай улсад нийтдээ хоёр сая гаруй нүхэн жорлон байгаа аж.
Түүнчлэн Сэлбэ голоос хүний ялгадсанд байдаг гэдэсний савханцар илэрсэн нь Улаанбаатар хотод байгаа 680,000 жорлонгоос болж байгаа аж. Учир нь нэг нүхэн жорлон 6-250 метрийн радиусад тархаж ялгадсан дотор байдаг нян бактериудыг тарааж байдаг гэв.
“Биологийн аргаар ямар ч бохирдол гаргадаггүй жорлон хийгээд найман жил болж байна”
“Монголын жорлонгийн ууган холбоо” ТББ-ын тэргүүн Д.Басандорж “Нүхэн жорлонтой холбоотой төрийн бодлого тодорхой бус байна. Иймд үүнийг хараад суух биш мэргэжлийн хүмүүс нэгдэн дөрөвдүгээр сард “Монголын жорлонгийн холбоо”-г байгуулсан. Энэ хугацаанд бид “Дэлхийн жорлонгийн холбоо”-той хамтарч Монгол орны нөхцөлд тохирсон жорлонгийн техник, технологийн шийдлийг олсон.
Ус татдаг жорлонгоос татгалзаж ус бага хэрэглэдэг хөөсрүүлэгчтэй вакуум, хуурай зөвхөн биологийн аргаар ямар ч бохирдол гаргадаггүй жорлон хийгээд найман жил болж байна. Энэ мэтчилэн технологийн шийдлүүд олон байна. Иймд бидэнтэй нийгмийн хариуцлагын хүрээнд 30 гаруй аж ахуйн нэгж нэгдээд байна. Бид мэргэжлийн байгууллага. Мэргэжлийн зөвлөгөө өгнө.
Торгоны замаар аялал хийсэн нэг аялагч “Монголчууд яаж өвлийн хүйтэнд яаж гадаа бие засдаг юм болоо. Тэр нарийхан хоёр банзны завсраар уначихвал яана аа” гэсэн байсан. Аялал жуулчлал эрхэлж байгаа газруудад 9,443 жорлон тоологдсон. Саяхан бид бахархлын өдрөө тэмдэглэсэн. Нүхэн жорлонгоосоо салаагүй байж бахархаад байх юу байгаа юм бэ?
Жорлонгийн асуудлыг бүрэн шийдэхэд 3.8 их наяд төгрөг шаардагдах тооцоо гарсан. 2030 онд нүхэн жорлонгүй болох жорлонгийн хувьсгалыг өчигдрөөс эхлүүлээд байна” гэв.
“Үерийн дараах аюул одоо гарч ирж Сэлбэ голын эрэг дээр амьдардаг айлын хүүхдүүдийн биеэр нь юм туурч хатгинд баригдаж байна”
Усны газрын дарга З.Батбаяр “Зайсангийн нэг амны гурван хорооллын ундны уснаас гэдэсний савханцар илэрсэн. Улаанбаатар хотын хамгийн сайхан гэх тэр газрын ус хамгийн аймшигтайгаар бохирдсон байна. Уг гэдэсний савханцрыг гараар дамжуулахгүйн тулд бид жорлон орчхоод гараа угаадаг шүү дээ.
Жорлон тархаж байгаагийн шалтгаан нь үер. Бороо орохоор 680,000 нүхэн жорлон халиад хот даяар тархдаг. Энэ жил бүсэлхийгээр татсан усыг туулаад явсан хүн болгон энэ нянгаар бохирдсон. Үерийн хамгийн том аюул нь үерийн дараах аюул. Тэр нь одоо гарч ирж байгаа. Сэлбэ голын эрэг дээр амьдардаг айлуудаар одоо хүртэл биеэр нь юм туурсан, хатгинд баригдсан хүүхдүүд байж байна.
Улаанбаатар хотод 17,000 худаг байна. Нэг худгийг тойроод 20-30 жорлон байна. Худаг цэвэрхэн байх ямар ч боломж байхгүй байна” гэв.
Түүнчлэн мэргэжилтнүүд хашааг нь булааж авах биш хашаан дотор нь хөгжүүлэх замаар амьжиргааны боломжид суурилсан бодлого хэрэгжүүлж иргэдээ дэмжих хэрэгтэй байна гэдгийг онцлов.