Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 391 дүгээр зүйлийн 391.1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын албан ёсны программ хангамж “D-Parliament” платформын нийтийн өргөдөл хүлээн авах “D-Өргөдөл” системээр дамжуулан Раднаабазар овогтой Цэндсүрэн “Цалинтай ээж” гэж нэрлэж буй 50,000 төгрөгийг нэмэгдүүлэхийг дэмжих нийтийн өргөдөл санаачилсан.
2023 оны аравдугаар сарын 18-ны өдөр байршуулсан уг нийтийн өргөдлийг дэмжиж санал өгсөн иргэдийн тоо 2023 оны арваннэгдүгээр сарын 17-ны 11:00 цагийн байдлаар 102 мянга давлаа.
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар D-Өргөдөл цахим системд иргэний гаргасан өргөдөл, санаачилга нь
- 33,000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах,
- 70,000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах,
- 100,000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Улсын Их Хурлаар шийдвэрлүүлэх боломжтой юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.