УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийг хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв. Тус хуулийн төслийн зарчмын зөрүүтэй 53 саналаар санал хураалт явууллаа.
Гэрийн тэжээвэр амьтантай холбоотой харилцаанд баримтлах зарчимд Монголын ард түмний үндэсний уугуул үүлдрийн нохойг гэршүүлэн тэжээж ирсэн өвөрмөц аж төрөх ёс, түүхэн уламжлалыг хадгалах, нандигнан өвлүүлэхээр, баг, хорооны Засаг дарга нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага мал эмнэлгийн үйлчилгээний нэгж нь бичил чип унших төхөөрөмжтэй байхаар, нохой, муур үржүүлэх үйл ажиллагааг зөвшөөрөл авсан ашгийн төлөө хуулийн этгээд эрхлэхээр, хүүхдийн цэцэрлэг, бүх шатын сургууль, сургуулийн дотуур байр, эмнэлэг, сувиллаас 200 метрийн дотор нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа явуулахгүй байх зэрэг зарчмын зөрүүтэй болон найруулгын нийт 53 санал гаргасныг гишүүд дэмжив.