АН-аас цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийж, цэрэг амиа алдсан болон охид хүчирхийлэлд өртөж байгаа талаар байр сууриа илэрхийллээ.
Мэдээллийн эхэнд хугацаат цэргийн алба хааж байгаад амь насаа алдсан залуугийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийллээ.
АН-ын гишүүн, хуульч Х.Номингэрэл “Хугацаат цэргийн алба хааж байгаа залуус амиа алдах, эрүүл мэндээрээ хохирох явдал удаа дараа гарч байна. Салбарын сайд цөөн золгүй тохиолдол мэтээр хариулдаг, шийдвэртэй шинэчлэлүүд хийгдэхгүй байна.
Хүний эрхийн зөрчлийг хөндөх цаг нь гарцаагүй болжээ. Хамгийн сүүлд өсвөр насны охин амиа алдсан харамсалтай явдал гарч, охидыг орой үдшийн цагаар ганцаар нь явуулах, таксинд суулгахаас айдаг болсон. Үүнийг жендэрт суурилсан хүчирхийлэл гэж нэрлэдэг. Охид хүч сул дорой учир хүйсээс хамаарсан жендерийн хүчирхийлэл гэж ойлгодог. Гэвч энэ байдал 18 нас хүрсэн хөвгүүдэд тохиолдож байна. Үндсэн хуулиар хүлээсэн үүргийн дагуу 18 нас хүрсэн хөвгүүд хугацаат цэргийн албанд татагддаг. Гэтэл цэргийн албаны дүрмийн бус харилцаа буюу цэргийн дэглэлтийг хөвгүүд туулж байна. Үүнийг даван туулахаас өөр аргагүй байдалд хүрч байгаа нь эрэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл.
Хэрэг гарахаар энэ асуудлын талаар шуугиад өнгөрөөд байх бус хүний эрхийн талаас нь ярих хэрэгтэй. ХЭҮК-оос 2022 онд нэлээд том шалгалт хийгээд цэргийн дэг байна гэдэг судалгааг хийж, УИХ-д илтгэлээ танилцуулан тогтоол баталсан, Засгийн газарт үүрэг өгсөн ч хангалттай үр дүнд хүрээгүй нь дахин хэрэг гарч буйгаас харагдаж байна.
ХЭҮК-ийн 2021 оны сүүлч буюу 2022 он хүртэлх сүүлийн арван жилийн тайлангаас дурдахад цэргийн ангитай холбоотой 468 гэмт хэрэг, сахилгын зөрчил бүртгэгдэж, 44 хүн амиа алдсан байна. Үүнээс хугацаат цэргийн албан хаагчийн амь нас хохирсон тохиолдол 20, эрүүл мэндэд хохирол учруулсан 126, цэргийн албанаас оргон зайлсан 56, дүрмийн бус харилцааны зөрчил 150 бүртгэгджээ.
ХЭҮК-оос 2021 онд цэргийн албыг хааж байгаа болон хаасан залуусаас түүвэр судалгаа авсан байна. Судалгаагаар тухайн үеийн цэргийн алба хааж байгаа залуусын 18% нь цэргийн дэглэлтэд өртсөн, цэргийн алба хаасан залуусын 45.1% нь цэргийн дэгд өртөж байсныг хэлсэн байна. Үүнээс харахад салбарын сайдын хэлсэнчлэн цөөн болон золгүй тохиолдол биш гэсэн үг.
Цэргийн ангид таван амиа хорлосон тохиолдлын гурав нь цэргийн дэгт өртсөн, цэргийн алба хаахтай холбоотой сэтгэл гутралын хам шинжээс болсон дүгнэлтийг ХЭҮК хийсэн байна.
2022, 2023 онд дахиад 10 залуу амь насаа алджээ.
Хугацаат цэргийн алба хаагчийг хүн бусаар дарамталдаг, албан тушаалтнуудын гэр орны ажил, барилгын ажил хийлгэдэг зэрэг зөрчлүүд байгааг ХЭҮК дүгнэсэн байна.
Комиссын тайланг уншвал бэлгийн хүчирхийлэлд өртсөн мэдүүлгүүд байсан. Цэрэг хүн биш, яаж ч болно, тэсвэр тэвчээр, хүч чадалд суулгах зэрэг хатуу, хоцрогдсон арга барилтай байгааг ХЭҮК дүгнэлтдээ дурджээ.
Монгол Улс Үндсэн хуультай, ардчилсан улс учир ямар ч нөхцөлд хүний амьд явах, халдашгүй байдал, итгэл үнэмшилтэй байх, эрүү шүүлт тулгахгүй байх, хүнлэг, энэрэнгүй хандах зарчмуудыг хангаж байх ёстой.
Батлан хамгаалахын салбарын нэр хүндийг унагах гээд байгаа бус хохирогчдын дурсгалыг хүндэтгэх, үйл явцыг илааршуулахын тулд цэргийн албаны хуульд өөрчлөлт оруулах шаардлагатайг ХЭҮК, олон улсын зөвлөмж өгсөөр байтал Засгийн газар, УИХ хийхгүй байна.
Цэргийн албаны хуульд өөрчлөлт оруулж, ил тод хариуцлага тооцохыг олон нийт хүлээж байна” хэмээн мэдээллээ.