Уран зөгнөгчдийн машинууд хүний эсрэг босож байгаа зэрэг аймшигт зөгнөлүүд биелж байгаа гэлтэй үйл явдал БНСУ-д тохиожээ.
Ёнхап агентлагийн мэдээлснээр, 40 настай инженер үйлдвэрийн роботын хохирогч болсон байна. Өмнөд Кёнсан мужид нэгэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрийн түгээлтийн төвд ажилладаг инженерийг роботод няц даруулж, амиа алджээ. Машиныг амтат чинжүү бүхий хайрцгийг өргөн, зөөгч машин дээр тавихаар программчилсан байжээ. Хэрэг хэрхэн өрнөсөн тодорхойгүй байгаа ч робот хүнийг хайрцагтай андуурч, цээж хэсэг, тархийг нь бяц даржээ. Тэрбээр эмнэлэгт нас барсан байна.
Эмгэнэлт явдал машиныг турших үед гарсан гэж цагдаагийн албанаас мэдээлжээ. Машиныг энэ сарын 6-нд турших ёстой байсан ч техникийн гэмтлээс болж 8-ныг хүртэл хойшлуулсан байна. Эмгэнэлт хэргийн дараа тус компанийн удирдлага аюулгүй автомат систем бүтээх шаардлагатай гэж мэдэгджээ.