Цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргийн дуудлага мэдээллийг цаг алдалгүй хүлээн авч, хойшлуулшгүй мөрдөн шалгах ажиллагааг хуулийн хүрээнд түргэн шуурхай явуулж, иргэдийн эд хөрөнгийг хамгаалах, хохирлыг нэн даруй төлүүлэх зорилготой “Кибер гэмт хэрэгтэй тэмцэх төв” өнөөдөр нээгдлээ.
Энэ талаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Сүүлийн жилүүдэд цахим орчинд залилан, халдлага, мөрийтэй тоглоом гэсэн гурван төрлийн гэмт хэрэг анхаарал татахуйц байдлаар нэмэгдэж байна.
Хохирогчдын хохирол тоон болон мөнгөн дүнгээр эрс нэмэгдлээ.
Манай улсад сүүлийн таван жилд 14,085 залилангийн гэмт хэрэг бүртгэгдсэнээс цахим орчинд 97% нь үйлдэгджээ.
2018 онд 590 залилах гэмт хэрэг бүртгэгдэж байсан бол 2019 онд 641, 2020 онд 1,281, 2021 онд 3,865, 2022 онд 7,708 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Үүнээс харвал 2018 онд үйлдэгдсэн цахим залилангийн гэмт хэргийг өнгөрсөн оны эцсийн байдалтай харьцуулахад 15 дахин нэмэгджээ. Иргэдийн хохирол эрс нэмэгдсэн тул цахим төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Кибер гэмт хэрэгтэй тэмцэх төвийг нээж байна.
Цагдаагийн байгууллага цахим төрлийн гэмт хэрэгт өртсөн дуудлагыг хүлээж авсан даруйд тухайн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг гэмт этгээд авах боломжийг таслан зогсооход уг төвийн гол цөм оршиж байгаа юм.
Иргэд цахим залилан болон цахим халдлагад өртсөнийг мэдсэн даруйдаа 102 дугаарт дуудлага өгөх, Кибер гэмт хэрэгтэй тэмцэх төв фэйсбүүк хаягаар өөрийн цахим халдлагад өртсөн, данснаасаа мөнгө алдсан талаарх мэдээллээ өгнө. Энэ тохиолдолд цагдаа, прокурор, банкнуудтай хамтарч гарсан мөнгийг царцаах арга хэмжээ авна. Ингэснээр цахим төрлийн гэмт хэргээс 50% бууруулж чадах тооцоолол гаргасан. Цахим халдлагад өртсөн даруйд шууд мэдээллээ өгөхийг хүсье” гэв.