Маргааш буюу Их эзэн Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийн тохиолдуулан Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон хүртээх талаар ЕТГ-аас өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.

ЕТГ-ын дарга Я.Содбаатар “Маргааш буюу билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Монгол бахархлын өдөр, Их эзэн Чингис хааны мэндэлсний өдөр.

Энэ өдөр Чингис хаан одонг гардуулж өгөх уламжлалтай. Одонг 2005 оноос жил бүр гардуулж өгч ирсэн. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх, нийгмийн дэвшлийг хангах, төрт ёс, түүх соёлын уламжлалыг судалж хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг бусад оронд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан иргэн, Монгол Улсын хамтлаг, иргэн хуулийн этгээдэд олгодог журамтай.

Ерөнхийлөгчийн зарлигаар энэ жил Чингис хаан одонг Улсын филармонийн Морин хуур чуулгад олгохоор боллоо. Морин хуур чуулга 1992 онд байгуулагдсан 21 жилийн түүхтэй. Монголын өв соёл, түүхийг дэлхийд нийтэд сурталчлан таниулах үйл ажиллагааг эрчимтэй явуулж байгаа.

Хүн төрөлхтний соёлын биет, биет бус өв, монгол үндэсний бахархал, монголчуудын түүхэн ой санамж, оюун сэтгэлгээ, хүсэл тэмүүлэл, хийморь золын эгшгэн судар болсон морин хуурыг эрхэмлэн дээдлэх Ерөнхийлөгчийн зарлигтай” болохыг зарлалаа.

Чингис хаан одонг гардуулж өгөх ёслолын ажиллагаа маргааш болно. Уг чуулга нь 36 уран бүтээлчтэй байна.

Морин хуур чуулга энэ жил Япон, Австрали, Франц улсад тоглолтоо хийсэн билээ.

Соёлын сайд Ч.Номин “Морин хуурын чуулга Монголын язгуур болон орчин үеийн урлагийг зэрэг хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа.

Морин хуур нь хүний оюун санааны илэрхийлэл, иргэдийн ирээдүйг харуулсан хөгжим. Энэхүү хөгжмийг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх ажлыг Морин хуурын чуулга хийдэг.

2003 онд ЮНЕСКО морин хуур хөгжмийг бүртгэж авсан” гэв.

By Enkhjin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн