Таван шарын Номин худалдааны төвд нүүж очсон Сонгинохайрхан зорчигч тээврийн төвөөс үйл ажиллагаа явуулж байгаа Төв, Дундговь, Өмнөговь, болон Сэлэнгэ аймгийн чиглэлийн зорчигч тээврийн автобусыг өнөөдрөөс/2023.11.13/ эхлэн “Драгон Холдинг” ХХК-ийн байраас/Драгон төв/ явуулахаар болжээ.
Дархан-Уул, Орхон чиглэлийн такси үйлчилгээ тус төвөөс явна хэмээн АТҮТ-өөс мэдээллээ.
Өнгөрсөн наймдугаар сард Драгоны авто вокзалыг Толгойтын зам дагуух Номин худалдааны төв рүү нүүлгэж байв. Гэвч зарим чиглэлийн үйлчилгээг буцаагаад Драгон төв рүү шилжүүлжээ.
Салбарын сайд С.Бямбацогт “Драгон авто вокзалаар жилдээ 800,000 орчим иргэн зорчиж байсан. Иргэдийн эрх ашгийг нэгдүгээрт тавьж, АТҮТ-д авто вокзалын үйлчилгээг сайжруулах чиглэл өгсөн.
ТЦА-наас Драгон авто вокзал дээр маш их түгжрэл үүсэж байна. Холдуулж, чөлөөлж өгөх хүсэлт удаа дараа ирж байсан.
Уг шийдвэртэй холбоотойгоор нэг хэсэг гэр бүлийнхэн зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг ААН-үүд, зорчиж байгаа иргэд, худалдааны төвийн түрээслэгчдээс олдог орлогоо алдаж байна. Дахиад томоохон худалдааны төв барьж байгаа. Тэр улсууд хамгийн гол нь нийтийн эрх ашгийг бус өөрсдийн ашиг орлогыг бодож, бухимдан зохион байгуулалттайгаар гүтгэлэг тарааж байгаа.
Надад хууль зөрчсөн, хулгай хийсэн зүйлгүй. Хууль зөрчсөн нь тогтоогдож, нотлогдох юм бол хариуцлагаа өөрөө хүлээе” хэмээн мэдэгдэж байв.
АТҮТ-ийн Зорчигч тээврийн хэлтсийн дарга Г.Дуламсүрэн “Тавдугаар сарын эхээр Драгон зорчигч тээврийн төвд засварын ажил гэнэт орсонтой холбоотойгоор зорчигчид, иргэд, тээвэрлэгчдийн аюулгүй байдал алдагдах, үйлчилгээ доголдох хүндрэлүүд үүсэж, дүүрэг, хорооны СӨХ, оршин суугчдаас удаа дараагийн эсэргүүцэл ирсэн.
Замын цагдаагаас энэ нь хотын түгжрэлд нөлөөлж байна гэдэг асуудлууд тулгарч эхэлсэн юм. Эдгээр саналыг үндэслэн судалгаа тооцоолол хийж, шуурхай нүүлгэн шилжүүлсэн” гэсэн тайлбарыг өгсөн билээ.