“Miss Universe” олон улсын гоо бүсгүй шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрх эзэмшдэг Тайландын компани өчигдөр дампуурлаа зарлажээ.
АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трампаас “Miss Universe” брэндийг Тайландын JKN Global Group компани 2022 онд $20 саяар худалдаж авсан юм.
Уг компанийг Тайландын хэвлэл мэдээллийн магнат, трансжендер хүмүүсийн эрхийг хамгаалагч Анна Жакапон Жакражутатип эзэмшдэг. Тэр өөрөө хүйсээ солиулсан хүн юм.
Хоёр сарын өмнө JKN Global Group $12 саяын бондын өрөө төлж чадалгүй хугацаа хэтрүүлж байжээ.
Тус компанийн төлөөлөн удирдах зөвлөл ирэх долоо хоногийн Мягмар гарагт Тайландын дампуурлын шүүхэд өрөө хэрхэн барагдуулах төлөвлөгөөг илгээх шийдвэр гаргасан байна.
Компанийн мэдэгдлийн дараа өчигдөр Тайландын хөрөнгийн зах зээл дээр нэгж хувьцааных нь ханшийн уналт өдрийн хэлбэлзлийн хязгаар болох 30 хувьд тулж, үнэ нь түүхэн доод хэмжээндээ буюу 0.76 бат ($0.02) хүрчээ. Тус компанийн хувьцааны ханш энэ оны эхнээс хойш өнөөдрийг хүртэл 81 хувиар унаад байна.