Ашигт Малтмал Газрын Тосны Газар(АМГТГ)-аас түгээлт, нийлүүлэлттэй холбоотой мэдэгдэл гаргасныг хүргэж байна.
Үүнд “Манай улс газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээгээ одоогоор 100 хувь импортоор хангаж буй. Ингэхдээ нийт хэрэглээний 95 орчим хувийг ОХУ-аас Сүхбаатар, Эрээнцав боомтоор төмөр замаар, Цагааннуур, Боршоо боомтуудаар авто замаар импортолж байна.
ОХУ-ын Засгийн газраас энэ оны есдүгээр сарын 22-ны өдрөөс тодорхойгүй хугацаагаар шатахууны экспортыг хориглох шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэрийн дагуу ОХУ-аас Монгол Улсад түлш, шатахуун нийлүүлээгүй, импорт тодорхой хугацаанд саатсан билээ. Үүний улмаас манай улсын дотоодын зах зээл дээрх шатахууны хангамж, нийлүүлэлт доголдох нөхцөл байдал үүссэн.
Улмаар энэ оны аравдугаар сарын 6-ны өдрөөс эхэлж ОХУ-аас манай улсад Сүхбаатар боомтоор газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх экспортын үйл ажиллагааг сэргээн явуулж эхэлсэн. Гэвч нийлүүлэлт, эрэлтийн зөрүүгээс шалтгаалан дотоодын зах зээл дээр шатахууны хангамж тогтворжиж чадахгүй байна.
Мөн Цагааннуур, Боршоо авто замын боомтоор импорт хийгдэхгүй байгаатай холбоотой төвийн бүсээс баруун бүсийн аймгууд руу шатахууныг тээвэрлэн хангамж хийж байна. Энэ нь дотоодын зах зээл дээрх шатахууны хангамжид тодорхой хэмжээгээр нөлөөлнө.
ОХУ-аас 9, 10 дугаар сард захиалгыг бүрэн биелүүлэх хүрээнд шатахууны ачилт, тээвэрлэлтийн хэмжээг энэ сарын дунд үеэс нэмэгдүүлж, Сүхбаатар өртөөгөөр сүүлийн гурван хоногт 213 шатахуунтай вагон ирж ирсэн. 2023 оны аравдугаар сарын 31-ний өдрийн байдлаар 511 вагон хил, өртөө, боомт дээр зогсож байна.
Ашигт малтмал, газрын тосны газраас импортоор орж ирсэн шатахуунтай вагонуудын гаалийн бүрдүүлэлтийг шуурхай хийх, вагонуудыг татан авах, ачааг өртөөндөө хүргэх, салаа замуудад тавих ажлыг шуурхай зохион байгуулж байгаа.
Хангамж тогтворжих хүртэлх хугацаанд уртасгасан цагаар хамтарч ажиллах дэмжлэгийг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам, Гаалийн ерөнхий газарт хүргүүлсэн” хэмээн мэдэгдэв.