БШУЯ-наас сурагчдын үдийн хоолны мөнгийг 3,000 төгрөг болгож нэмэгдүүлэх саналыг гаргаад байгаа. Энэ талаар салбарын сайд санал бодлоо илэрхийллээ.
Сайд Л.Энх-Амгалан “Цэцэрлэгийн хүүхдийн болон 1-5 дугаар ангийн сурагчдын үдийн хоолны зардал жилд 170 орчим тэрбум төгрөг болдог. Тогооч нарын цалин, урсгал зардал нэмэгдэхээр 230 орчим тэрбум төгрөг улсын төсөвт тусгагддаг.
Үдийн хоолны мөнгийг хоёр дахин нэмэгдүүлнэ гэхээр дахиад 230 тэрбум төгрөгийн эх үүсвэр хэрэгтэй.
Магадгүй нэг хувилбар нь хүүхдийн 100,000 төгрөгийн 50 мянгыг үдийн хоолонд зарцуулах шийдэл байвал 1-12 дугаар ангийн бүх хүүхдэд хоол өгөх боломжтой гэж бодож байна. Үдийн хоолны 1,500 төгрөгийг 3,000 болгохдоо ийм эх үүсвэрээр шийдэхгүй бол төсөвт дахин 230 тэрбум төгрөгийг олж, нэмэх нь эрсдэлтэй.
Жил бүр сургуульд орж байгаа хүүхдийн тоо 20,000-аар нэмэгддэг. Ойрын хугацаанд дор хаяж 150 сургууль нэмж барих шаардлага үүсэж байгаа учраас 230 тэрбум төгрөгөөр сургууль, цэцэрлэг барих уу, үдийн хоолны мөнгийг 50%-аар нэмэх үү гэдэг сонголт байна.
Гэхдээ хүүхдийн 100 мянган төгрөгийн 50 мянгыг үдийн хоолонд өгөх хувилбарыг эцэг эх, асран хамгаалагчид хүлээн зөвшөөрвөл л боломж байна” хэмээн ярилаа.