Улсын хэмжээнд орон гэргүй байгаа 1,000 гаруй иргэний нөхцөл байдлын талаар нийгмийн хамгааллын салбарынхан өнгөрсөн долоо хоногт хэлэлцсэн.
Энэ үеэр “Орон гэргүй иргэдийн боловсрол, хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн байдал”-ын талаарх судалгааны ажлын үр дүнг ШУТИС-ийн Бизнесийн удирдлага хүмүүнлэгийн сургуулийн багш, доктор, дэд профессор С.Туяа танилцуулсан юм.
Тэрбээр “2022 оны хоёрдугаар сарын 20-ноос дөрөвдүгээр сарын 20-ны хооронд судалгааны мэдээлэл цуглуулах ажлыг зохион байгуулсан. Мэдээлэл цуглуулах олон аргыг хослуулан ашиглахыг хичээсэн. Тухайлбал
- Анкет бөглүүлэх
- Ганцаарчилсан ярилцлага авах
- Фокус бүлгийн ярилцлагыг хийхдээ гэр оронгүй, тэнэмэл иргэдийг дотор нь А1, А2 гэж бүлэглэж хамруулсан.
Гэр оронгүй, тэнэмэл амьдралтай нийт 405 иргэнийг дээрх судалгаанд хамрууллаа.
Судалгааны эхний бүлэгт: төрийн болон төрийн бус байгууллагын түр хамгаалах байранд байрлан амьдарч байгаа 305 иргэнийг оролцуулсан.
Судалгааны хоёр дахь бүлэгт: Хамгаалах байрнаас гадуур тэнүүчлэн амьдарч байгаа 100 орчим иргэнийг хамруулсан” гэдгийг хэллээ.
Орон гэргүй 405 иргэнээс асуумж авч, ярилцлага хийж, дата мэдээлэл цуглуулсан судалгааны үр дүнг тоймлон хүргэж байна.
Орон гэргүй гэдэг ойлголтыг олон улсад нэлээд өргөн хүрээнд тодорхойлж байна. Ерөнхий байдлаар тайлбарлавал орц, хонгил, траншейн, гудамжинд амьдарч буй иргэд гэж ойлгодог.
Олон улсад хэрэглэгдэж байгаа тодорхойлолтуудаас харвал дээр дурдсан байршлуудад хоноглож байгаа иргэдээс гадна стандарт бус, аюултай орон сууцанд амьдарч байгаа нөхцөлийг хүртэл орон гэргүй гэдэг ойлголтод хамруулдаг юм байна.
Орон гэргүй болсон шалтгааныг урт хугацаанд нь ажиглаж, судалсан олон судалгаа бий. Тэгш бус байдал, ажилгүйдэл, ядуурал зэрэг хүчин зүйлс нөлөөлж байна.
Түүнчлэн гэр бүлийн хүчирхийлэл, архины хамаарал зэрэг шалтгааныг ч судалсан олон улсын судалгаанууд байдаг. Монгол Улсад ч дээрх шалтгаан мөн адил илэрч буй.
Гэрээсээ дайжсан, орон гэргүй байгаа шалтгааныг хэд хэдэн сонирхолтой хүчин зүйлтэй холбож авч үзэж байна.
Хүүхэд ахуй насандаа эцэг эх, багш, ахмад настан болон бусад том хүний тавьсан шаардлагыг дагадаггүй, хэтэрхий өөрийнхөөрөө өсөх тохиолдол ч үүнд хамаарч байна. Өөрөөр хэлбэл бага байхаасаа л томчуудын үгийг хүлээн авахгүй, шаардлагыг нь дагадаггүй, эсэргүүцдэг зан үйл нь ирээдүйд энэ нөхцөл байдал руу түлхдэг нэг хүчин зүйл юм байна.
Үүнийг эрх мэдэлтнийг эсэргүүцэх зан үйлтэй холбоотой байж болзошгүй гэж олон улсад онцолж загварчилсан байдаг юм билээ. Гэхдээ энэ бол орон гэргүй болох суурь шалтгаан биш.
Бид судалгааны ажлынхаа хүрээнд дээрх санааг гүнзгийрүүлэн ажиглаж, харсан. Үүнээс дүгнэхэд манай улсын онцлогтой холбоотой зүйлс ч анзаарагдлаа.
Гэр бүлийн хүчирхийлэл, салалт, архидалтаас гадна Монголын онцлогтой холбоотой ямар нөлөөлөгч хувьсагч байна вэ гэдгийг давхар судалсан гэсэн үг.
Гэр бүлийн хүрээндээ тухайн хүүхэд хэт их хайр халамжид өссөн. Улмаар нас биед хүрсэн хойноо амьдралын саад бэрхшээлийг даван туулах чадваргүй болдогтой холбоотой байж болзошгүй нэгэн онцлог байдал манай судалгаанаас харагдаж байсан.
Орон гэргүй болсон зарим хүнтэй ярилцаж, тухайн хүний амьдралын тойргийнх нь зураглалыг харахад хүүхэд үедээ сайхан гэр бүлд, эцэг эхдээ маш их хайрлагдаж өссөн байдаг.
Гэвч “Одоо орон гэргүй тэнүүчилж амьдарч байгаа нь бараг төсөөлшгүй зүйл” гэж хэлж байгаа тохиолдол ч гарсан. Монголчууд айлын ганц хүүхэд эсвэл отгон хүүхэд гэж хайрлаж, хамгаалах хандлагатай байдаг шүү дээ. Магадгүй хэт их хайр халамж үзүүлэх нь тухайн хүүхдийн зан авир, дадал зуршлыг илүү нялхруулсан ч байх магадлалтай ийм онцлог манай судалгаанаас харагдсан.
Судалгаанд хамрагдсан 405 гаруй иргэний
- 87.2 хувь нь эрэгтэй
- 12.8 хувь нь эмэгтэй байсан.
Өөрөөр хэлбэл орон гэргүй найман хүн тутмын нэг нь эмэгтэй, долоо нь эрчүүд байна.
Насаар нь ангилбал хамгийн залуу нь 22 настай. Харин хамгийн ахмад настай хүн нь 78 настай иргэн байсан.
Хаана хоноглож байгааг нь ялгаж харвал
- Өвлийн арваннэгдүгээр сараас гурван сарын хооронд түр хоноглох байруудад
- Дулаан улиралд гудамж, зуслангийн талбай зэрэг газруудад очиж хоноглож байсан.
Боловсрол болон хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн байдал нь ямар байгаа вэ гэдгийг харахыг зорьсон. Судалгаанд хамрагдсан иргэдийн боловсролын үзүүлэлтүүд улсын дунджаас доогуур байлаа. Тодруулбал
- 11.4 хувь нь дээд боловсролтой
- 10.1 хувь нь техникийн болон тусгай мэргэжлийн боловсролтой
- 36.5 хувь нь бүрэн дунд
- 27.7 хувь нь суурь боловсролтой
- 7.7 хувь нь бага боловсролтой
- 8.6 хувь нь боловсролгүй гэсэн хариултыг өгсөн байгаа.
Дээд боловсролтой гэж хариулсан хүмүүсийн мэргэжлийн чиглэл ямар байгааг ерөнхийлөн харвал цэрэг армийн эрчүүд, уул уурхайн салбар болон урлагийн салбарын хүмүүс арай илүү байсан үзүүлэлт харагдав.