Улсын хэмжээнд томуугийн эсрэг вакциныг хийж эхэлсэн байна. Энэ талаар ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний төвийн тархвар судлаач эмч Ч.Уртнасангаас тодрууллаа.
-Томуугийн эсрэг вакциныг хийж эхэлсэн мэдээлэл байна. Вакцинжуулалт хэднийг хүртэл үргэлжлэх бол. Ямар заалтаар, хаана хийж байгаа вэ?
-Томуугийн эсрэг вакциныг тархвар судлалын заалтаар 2-5 хүртэлх насны хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүд, уушгины архаг өвчтэй, архаг хууч өвчтэй хүмүүс, 65-аас дээш насныханд өрхийн эмнэлэг болон сум, дүүрэг, аймгийн эрүүл мэндийн төвүүд дээр үнэгүй хийж байгаа.
Манай улс Засгийн газрын санхүүжилтээр БНСУ-аас дөрвөн цэнт, 300,000 хүн тун вакциныг авсан. Энэхүү вакциныг хийж байгаа юм. Томуугийн эсрэг вакцинжуулалт өрхийн эмнэлгүүдэд 11 дүгээр сар хүртэл үргэлжилнэ.
Томуугийн эсрэг вакцин нь өвчлөлөөс сэргийлэхээс гадна хүндрэлээс сэргийлдэг. Жирэмсэн эмэгтэйчүүд томуугийн вакциныг хийлгэх нь өөрийн болон ургийг сэргийлэх тул заавал вакцинд хамрагдахыг зөвлөе.
ХӨСҮТ-д томуугийн эсрэг сайн дурын дархлаажуулалт хийгдэхгүй.
– Улсын хэмжээнд томуугийн тархалт хэр их байгаа бол?
– Амбулаторийн үзлэгийн 5.5%-ийг томуу, томуу төст өвчин эзэлж байна. Энэ нь өмнөх долоо хоногоос бага зэрэг нэмэгдсэн. Гэхдээ томуугийн өвчлөл сүүлийн гурван долоо хоногт дараалан нэмэгдэж байна.
Улсын хэмжээнд томуугийн өвчлөл идэвхжлийн түвшинд байна. Орон нутгийн хувьд ихэнх аймагт томуугийн өвчлөл идэвхжлийн түвшинд байгаа бол хоёр аймагт алаг цоог дэгдэлтийн түвшинд хүрсэн.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн 18% нь амьсгалын замын хүнд халдвар буюу уушгины үрэвсэлтэй байна.
Амьсгалын замын өвчлөлийн 92%-ийг 15 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. Үүнээс 76% нь дөрөв хүртэл насныхан.
Томуугийн вирус одоогоор орчилд ороогүй. Харин томуу, томуу төст өвчний үүсгэгчүүд идэвхтэй байна.
Тодруулбал риновирус болон аденовирусийн идэвхжил өндөр буюу 50%-тай байна.
Эдгээр вирусийн илрэх шинж тэмдэг:
- Нус гоожих
- Ханайлгах
- Бага зэргийн халуурах
- Нүд өвдөх.
Эдгээр вирус нь тав хүртэлх насны хүүхдүүдэд өвчлөлийг түлхүү үүсгэдэг. Хүндрэл нь бага ч дээрх шинж тэмдэг илэрвэл заавал эмнэлэгт хандаж, эмчийн заавраар эмчилгээ хийнэ.
Томуугийн шинж тэмдэг илэрсэн үед антибиотикийн эмчилгээг дур мэдэн хэрэглэж болохгүй. Антибиотик нь нянгийн гаралтай үйлчилгээг үзүүлдэг, вирусийн эсрэг үйлчилгээ үзүүлэхгүй учир дархлааг бууруулдаг.
-Манай улсад коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдэж байгаа юу?
SARS-CoV-2 буюу коронавирусийн өвчлөл манай улсад байгаа, улсын хэмжээнд долоо хоногт 5-10 тохиолдол илэрч байна. Илрэх шинж тэмдэг нь томуугийнхтай төстэй. Коронавирусийн өвчлөл хүндрэл багатай байна.