Цагдаагийн байгууллагаас энэ оны аравдугаар сарын 19-ний өдөр иргэн “Ү” нь зохих зөвшөөрөлгүй гурван ширхэг баавгайн саврыг бусдад худалдан борлуулах зорилгоор Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт автомашиндаа тээвэрлэн явахад нь илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгааг Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээлэв.
Мөн иргэдэд хандан зохих зөвшөөрөлгүй ховор, нэн ховор амьтны жагсаалтад багтсан амьтныг агнах, барих, зориудаар тэжээж гаршуулах, үржүүлэх, тэдгээрийн гаралтай түүхий эдийг хадгалах, худалдах, худалдан авах, тээвэрлэх, цуглуулга, чихмэл хийхээс татгалзаж, уг амьтдыг хамгаалах үүргээ биелүүлж хууль бус үйлдлийн талаар холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдэгдэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.
Энэ талаарх зарим эрх зүйн зохицуулалтаас:
Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйл. Хууль бусаар ан агнах
1.Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, нэн ховор амьтны чихмэл, түүхий эд, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.