УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.
Тус намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Бүлгийн хуралдаанд хотын дарга Х.Нямбаатар нийслэлийн түгжрэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх хуулийн төслийн талаар танилцуулга хийсэн. Энэ асуудлыг хэлэлцлээ.
Засгийн газар бас энэ асуудлыг хэлэлцэж байгаа. Хотын түгжрэлийг бууруулах анхдагч хуулийн төслийг санаачилсан байна. Гэр хорооллыг орон сууцжуулах уг хуулийн төсөлд гурван том асуудал бий. Түгжрэлийг бууруулах асуудлыг хуулийн төсөлд тусгасан байна. Төлбөртэй бүс, зогсоолын тухай яригдана. Мөн татвар төлбөр хураамжтай холбоотой асуудал байгаа. Гэр хорооллыг орон сууцжуулах асуудлыг хуулийн хүрээнд шийдэх шаардлагатай гэж үзсэн.
Түгжрэлийг бууруулах чиглэлийн болон газар чөлөөлөлт хийх, гэр хорооллыг орон сууцжуулахтай холбоотой асуудлыг бүлэг дэмжиж байгаа. Харин татвартай холбоотой асуудал дээр тооцоогоо сайн хийх чиглэл өгсөн” хэмээв.
НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгон нэмэгдүүлэхтэй холбоотой асуудлаар “Иргэдээс санал асуулга авах нь бол нээлттэй. Зохион байгуулагчид хуулийн төсөл санаачлах ёстой. УИХ дэмжвэл батлагдана. Энэ оны төсөв батлагдвал дараа оноос эхлээд хэрэгжинэ.
Татварын болон Эрүүгийн хуультай холбоотой асуудлаар иргэдээс санал авах нь буруу жишиг гэж үзэж байна. УИХ-ын гишүүдийг Эрүүгийн болон Татварын хууль санаачлахгүй талаар яригддаг. D-parliament.mn-д журмынх нь тухайд шинэчлэл хийх шаардлагатай” гэдгийг хэллээ.