Монгол зан үйл, ёс заншил сурталчлах зорилготой “Баярлалаа” төсөл хэрэгжиж эхэлсэн тухай хэвлэлийн хурал өнөөдөр “Монгол ньюс” төвд боллоо.
Манай улсын түүх, ёс заншил хөдөө аж ахуйтай ихээхэн холбогддог тул төслийн эхний үе шатанд энэ соёлыг сурталчлахаар зорьж байгаагаа “Тахилт” иргэдийн зөвлөлөөс танилцуулав.
ХААИС-ийн Мал аж ахуй, Биологийн сургуулийн багш Н.Дорж залуу малчдад уламжлалт маллагааны аргыг өвлүүлэх, бэлчээрийн даацад малын тоогоо тохируулахыг мэдээллийнхээ үеэр онцолсон юм.
Тэрбээр “Сүүлийн жилүүдэд уламжлалт мал маллагааны технологи мартагдахад хүрээд байна. Хашир туршлагатай малчдын тоо цөөрлөө. Жишээлбэл тэмээгээр нүүхээ больсноос олон уламжлал, соёл мартагдаж байгаа юм.
Хонио хариулахдаа араас нь биш урд нь гараад хаана тогтоох, хаана идээшлүүлэхээ шинжиж явах ёстой гэдэг байв. Ер нь бог малыг мориор ч биш, явган алхаж хариулах учиртайг хөгшид хэлдэг байлаа. Гэтэл одоо мотоциклтой давхиж, нэг эргүүлэхээ мал хариулж байна гэдэг болж.
Монголын уламжлалт мал маллагааны арга технологийг залуу малчдад өвлүүлэх нэн шаардлагатай байгаа энэ үед “Баярлалаа” төсөл хэрэгжүүлэх нь тун ач холбогдолтой.
Малыг хариулан маллах гэдэг нь бэлчээртэй л уялддаг. Манай улсад бэлчээрийн талаар ихээхэн судалгаа хийгдсэн. Доройтол, талхлагдаж буй зэргээр нь олон талаас нь судалсан боловч яаж ашиглах вэ гэдэг дээр учир дутагдалтай болчихдог.
Бэлчээрийг яаж ашиглах гэдэг асуудлын цөм нь малчид малаа яаж хариулахтай холбогдоно. Бэлчээрийн даац 2.2 дахин хэтэрсэн. Манай улсад бэлчээрийн мал аж ахуйг үргэлжлүүлэхэд малын тооны хэт өсөлт асуудал болж байна.
Малаа зөв маллахын үндэс нь бэлчээртээ тохирсон мал өсгөх. Энэ хэвээрээ үргэлжилсээр байвал хэдэн жилийн дараа мал ч үгүй, хүн ч үгүй болох нөхцөлд хүрсэн” гэлээ.
Мөн тэрбээр “Нэг хонин толгой малд хоёр га бэлчээр хэрэгтэй аж. Манай улс 110 сая га бэлчээртэй бөгөөд 50-55 сая хонин толгой мал байх боломжтой. Харин өнгөрсөн оны мал тооллогоор Монгол Улс 70 гаруй сая малтай байгааг хонин толгойд шилжүүлэхээр т” хэмээв.
Иймд бэлчээрийн хэмжээнд малын тоо толгойг нийцүүлэхийн тулд:
- Ашиг шим өндөртэй малыг сонгон үржүүлэх
- Үүлдрийг сайжруулж, ашиг шимийг нэмэгдүүлэх
- Малын хөлийн татвар тооцохдоо бэлчээрийнх нь даацад тохирч байвал бага, даацаас хэтрүүлсэн байвал өндөр ногдуулах
- Малаа эдийн засгийн эргэлтэд оруулах зэрэг саналыг тэрбээр дэвшүүллээ.
“Баярлалаа” төслийн хүрээнд яамдтай хамтран ажиллах юм байна. Төслийн явцад салбар бүрээр нэвтрүүлэг хийж, олон нийтэд зан заншил, соёлыг сурталчлахаас гадна уламжлалт ахуйгаа эдийн засгийн эргэлтэд оруулах ямар боломжууд байгааг танилцуулахаар зорьж байгаа аж.