Улаанбаатар хотын төвийн бүсэд байрших 40, 50 мянгатын орон сууцны 64 барилгад хийсэн шалгалтын үр дүнг БХБ-ын сайд өнөөдөр танилцууллаа.
Сайд Ц.Даваасүрэн “Хоёр сарын хугацаанд 40, 50 мянгатын орон сууцны 64 барилгын ашиглалтад шалгалт хийлээ. Ноцтой зөрчлүүд илэрлээ.
Шалгалтаар нийтийн орон сууцны 54 барилгын нэг давхрын өргөтгөлийг 321 ААН, байгууллага, 10 СӨХ газар эзэмших эрхийн хүчин төгөлдөр гэрчилгээгүйгээр ашиглаж байгаа нь тогтоогдож байна.
23 СӨХ барилгын хувийн хэрэг хөтлөх, барилгын ашиглалтын хугацаанд барилга байгууламжийн баримт бичгийн бүрдлийг хангаагүй байлаа. Илэрсэн зөрчлүүд:
- 322 ААН, байгууллага эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй
- Батлагдсан зураг төсөлгүйгээр орон сууцны барилгад өргөтгөл хийсэн
- Зургаан өргөтгөлийн доор нэмж зоорийн давхар гаргасан
- 161 орон сууцанд өрөө тусгаарлах дундын ханыг буулгасан. Энэ тохиолдолд дээд айл цөмөрч орж ирэх нөхцөл бүрдсэн байна.
- Зоорийн давхар хийж, хаалга гарган орон сууцны бүтээцийг өөрчилсөн долоон зөрчил
- 140 иргэн, ААН-ийн 79 нь дулаан аваагүй, 65 нь барилгын халаалтын анхны системийг дур мэдэн өөрчилсөн, 43 нь агааржуулалтын систем ашиглалтын шаардлага хангаагүй
- 345 барилгад аянгаас хамгаалах газардуулга хийгдээгүй.
- 322 нь өргөтгөлийн цахилгааны дотоод сүлжээний холболтыг чанар муутай хийсэн зөрчлүүд гарч байна.
Орон сууцны нэгдүгээр давхарт хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж байгаа 34 ресторан, цайны газраас шингэрүүлсэн шатдаг хийн баллоныг барилга дотор байрлуулсан 18, газын хийн алдагдал илрүүлэх дохиололгүй 15, галын аюулгүй байдлын дүгнэлтгүй 8, хийн тоног төхөөрөмжийг мэргэжлийн байгууллагаар суурилуулаагүй 12, даралтат савны мэргэжлийн сургалтад хамрагдаагүй 24 иргэн үйлчилгээ явуулж байв.
Өөрөөр хэлбэл газын хий алдагдах, тэсэрч дэлбэрэх нөхцөл байдал орон сууцны нэгдүгээр давхруудад бүрдсэн байна.
1955-1968 онд баригдсан 40, 50 мянгатын 64 орон сууцны барилгын төлөвлөлт, үндсэн хийц бүтээц нь одоо мөрдөгдөж буй газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх, норм дүрмийн шаардлагыг хангахгүй байна.
Барилгын үндсэн хийцийн материалын бат бөх чанар алдагдсан, барилгын эзэмшигч, ашиглагч нь инженерийн шугам сүлжээний засвар, ашиглалтын хугацааны жишгийг хангаагүй зөрчлүүд илэрлээ. Эдгээр нь ноцтой үр дагаврыг авчирч болзошгүй.
Тухайлбал орон сууцны ханыг нураагаад заал болгосон, газын төхөөрөмжүүдийг албан ёсны шаардлагын дагуу байрлуулаагүй нь газар хөдлөлтөд тэсвэрлэх боломжгүй барилгуудад байж болохгүй зөрчил.
Дүгнэлтийн дагуу ОБЕГ, СӨХ, Хотын дарга, дүүргийн Засаг дарга нарт эдгээр зөрчлийг нэн даруй засаж, залруулах мэдэгдлийг хүргүүлээд байна. Иргэдийн аюулгүй амьдрах орчин нөхцөлийг хангахгүй байгааг мэдэгдэлд дурдсан” хэмээн мэдээллээ.