Сурагчдын үдийн хоолонд нэг ам.доллар зориулахад эрүүл мэндийн салбарт есөн ам.долларын зардлыг хэмнэдэг гэх тооцооллыг Дэлхийн Хүнсний Хөтөлбөр(WFP)-өөс гаргажээ.

Тэгвэл манай улсын хувьд 1-5 дугаар ангийн сурагчдын үдийн хоолонд 1,500 төгрөг зарцуулж байгаа нь нэг ам.доллар байтугай 50 цент ч хүрэхээргүй дүн юм.

Ийм мөнгөн дүнд хүүхдүүдэд аль болох шим тэжээлтэй хоол бэлтгэх нь тогооч, сургуулийн хоол зүйчдийн хувьд амаргүй даалгавар. Өдрөөс өдөрт хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөн нэмэгдсээр байгаа энэ үед даалгавар нь улам хүндэрч буй.

Улсын хэмжээнд 2023-2024 оны хичээлийн жилд 1-5 дугаар ангид 380 гаруй мянган хүүхэд суралцаж байна. Боловсролын ерөнхий хуулийн дагуу төрийн өмчийн сургуулиудын бага ангид суралцаж буй хүүхдүүдийн үдийн хоолны мөнгийг төсвөөс гаргах учиртай. Үүнд жилд дунджаар 70 гаруй тэрбум төгрөг зарцуулдаг.

Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас өгсөн мэдээллээр өнгөрсөн хичээлийн жилд сурагчдын үдийн хоолонд 72 тэрбум төгрөг төсөвлөж байсан бол ирэх оны улсын төсөвт 74.5 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлэх саналаа өгчээ. Ингэхдээ нэг хүүхдийн үдийн хоолны зардлыг хоёр дахин нэмэгдүүлэх буюу 3,000 төгрөг болгохоор тус яамнаас санал гаргасан байна.

Улсын Их Хурал(УИХ)-ын гишүүд үүнийг дэмжвэл ирэх оноос эхлэн сурагчдад шим тэжээлтэй хүнс хэрэглүүлж, хоногт авбал зохих илчлэгийнхээ 35 хувийг үдийн хоолноосоо авах зорилтод нийцэх боломжтой болох юм.

Ирэх оны улсын төсвийн төслийг Сангийн яам УИХ-д есдүгээр сарын 29-нд өргөн барьсан. Өчигдөр эхний хэлэлцүүлэг нь болсон бөгөөд төсвийн төслийг УИХ-ын чуулганаар нийт гурван удаа хэлэлцэх бөгөөд энэ үед төсөвт тодорхой хэмжээгээр өөрчлөлт орох боломжтой.

Үдийн хоол хөтөлбөрийн ач холбогдол нь

  • Хоол тэжээл нь хүүхдийн өсөлт, танин мэдэхүй суралцах чадвар ирээдүйн бүтээмж хөдөлмөрийн чадварт гол нөлөө үзүүлдэг.
  • Өрхийн хүнсний баталгаат байдлыг хангахад бодит дэмжлэг үзүүлнэ.
  • Хичээлийн дараа сонгон суралцах бусад үйл ажиллагаанд оролцох боломж олгоно.
  •  Сургуулийн хоол нь хамгийн эмзэг бүлгийнхэнд хүрэх арга зам юм.

By Enkhjin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн