Тайванийн Foxconn, АНУ-ын Nvidia компаниуд “AI factories” нэртэй дата боловсруулах хүчирхэг төвийг хамтран байгуулах болсноо өчигдөр зарлажээ.
Уг төв нь шинэ үеийн дижитал тоног төхөөрөмжүүд, программ хангамжийн үйлдвэрлэлд ашиглагдах юм байна.
Foxconn нь (албан ёсны нэр нь Hon Hai Technology Group) дэлхийн хамгийн том электроникийн гэрээт үйлдвэрлэгч бөгөөд Apple-ийн iPhone-оос эхлээд маш олон том брэндийн бүтээгдэхүүнүүдийг угсардаг.
Сүүлийн үед тус компани зөвхөн угсрагч байхаа больж, өөрийн брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болох зорилт тавьж байгаа. Өнгөрсөн онд тэд “Hon Hai Tech Day” арга хэмжээнийхээ үеэр өөрийн зохион бүтээсэн цахилгаан автомашины концептыг танилцуулсан юм.
Харин энэ оны ижил арга хэмжээний үеэр “маш олон төрлийн хэрэглээнд ашиглагдах боломжтой шинэ ангиллын дата төв” байгуулахаар болсныг Foxconn-ий ерөнхийлөгч Юн Лю, Nvidia компанийн гүйцэтгэх захирал Йенсен Хуан нар хамтдаа зарлажээ.
Цахиурын хөндийд үйл ажиллагаагаа явуулдаг Nvidia нь орчин үеийн видео тоглоомуудын гол платформ болох хүчирхэг график картуудыг (GPU) үйлдвэрлэдгээрээ зах зээлд танигдсан бөгөөд сүүлийн үед бүтээгдэхүүнүүд нь хиймэл оюуны технологид өргөн ашиглагдах болсон юм.
“Бид хамтдаа бүх салбаруудыг хиймэл оюуны шинэ эринд хурдтай шилжихэд нь туслах зорилготой юм” гэж Лю хамтын ажиллагааны зорилгоо тайлбарлажээ.
Nvidia-гийн мэдэгдэлд өгүүлснээр “AI factories” нь “үйлдвэрлэлийн бүх үйл явцыг дижиталчлах, хиймэл оюунд суурилсан цахилгаан автомашин, роботын платформуудыг хөгжүүлэх, хэл ярианд суурилсан “generative AI” үйлчилгээнүүдийг олноор бий болгох зориулалттай” юм байна.