Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-д хүүхэд хамгааллын Ekids цонхтой болж байгаа талаар өнөөдөр /2023.10.16/ Цахим хөгжил харилцаа холбооны яамнаас мэдээлэл хийж байна.
ЦХХХ-ны сайд Н.УЧРАЛ:
-Өнгөрсөн долоо хоногт мэдээлж байсны дагуу E-Mongolia системд Ekids цонхыг нээж байна. Монгол Улс хүүхэд, залуусын орон. Тиймээс хүүхэд хамгааллын асуудалд ЦХХХЯ өөрсдийн эрхлэх чиг үүргийн хүрээнд Ekids цонхыг гаргаж байна.
E-Mongolia цахим систем рүү нэвтрэхэд 16-аас доош насны хүүхэд бүртгэл үүсгэх боломжтой.
Ekids цонх руу ороход байршил шууд гарч ирэх бөгөөд ямар ч км зайгүй шууд мэдээлнэ. Ингэснээр эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийг хаана явааг шууд харах боломж бүрдэж байна.
Хүүхэд ямар нэгэн асуудалд орсон тохиолдолд яаралтай тусламж дуудах, цагдаагийн байгууллагад хандах эрх нээж өгсөн. E-Mongolia системд нийт 1,6 сая хүн бүртгэлтэй байдаг. Алслагдсан сум, суурин газарт ашиглах болох уу гэдэг зүйл мөн яригдана. Ойрын 3-4 жилд энэ асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Сүлжээ харгалзахгүйгээр интернэтэд шууд холбох ажлыг мөн эхлүүлж байгаа. Одоо сүлжээнд холбогдоогүй нийт 191 баг байна. Эдгээр багуудыг хоёр жилийн хугацаанд сүлжээнд хамруулах ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийхээр ирэх оны улсын төсөвт санхүүжилтийг тусгасан.