БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Элизейн ордонд албан ёсоор угтан авч, хоёр улсын төрийн тэргүүн хамтарсан мэдээлэл хийсний дараа зургаан чиглэлээр баримт бичигт гарын үсэг зурах арга хэмжээ болов. Эдгээрийн нэг нь Монгол Улсын Цахим Хөгжил, Харилцаа Холбооны Яам болон БНФУ-ын “Thales Alenia Space” компанийн хоорондын харилцан ойлголцлын тухай Санамж бичиг байв.
Уг санамж бичиг байгуулагдсанаар ямар ач холбогдолтой болох талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал “Сансрын үндэсний хиймэл дагуултай болох төсөлд хамтран ажиллах гэрээг Франц улсын Thales Alenia Space” компанитай байгууллаа. Гэрээний хүрээнд 2023 оны арваннэгдүгээр сарын 15-нд тус улсын тусламжтайгаар ТЭЗҮ-ийг боловсруулж дуусгах юм.
Үүний дараа хиймэл дагуулыг бүтээх ажлыг эхлүүлнэ. Олон улсын цахилгаан холбооны байгууллага дээр Чингис байршилд зөвшөөрлөө авч, ажиллаж байна.
Ингэснээр интернэтийн хамгийн өндөр багтаамжтай буюу 10 гега байтын хиймэл дагуулыг бүтээх боломжтой болж байна.
Өргөн уудам газар нутагтай улсад үндэсний хиймэл дагуулын ашиг тус их. Сансрын хиймэл дагуулыг хөөргөснөөр хөдөө аж ахуй, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбарт дэвшил гарна.
3-4 жилийн хугацаанд хиймэл дагуулыг бүтээж, хөөргөхөөр төлөвлөсөн.
ОХУ, БНХАУ гэсэн хоёр орны дунд оршиж буй Монгол Улс бүсчлэлээрээ Франц улстай тохирч байгаа учир төслийг хамтарч хэрэгжүүлэх саналыг ҮАБЗ-д танилцуулж, шийдвэрээ гаргаснаар гэрээг баталж байна.
Хонхорт нарны, Дорнод, Баян-Өлгий аймагт газрын станц, Дархан-Уул аймаг, Улаанбаатар хотод хяналтын төвийг байгуулах юм. Хиймэл дагуултай болсноор аюулгүй байдал хангагдах давуу талтай.
Хиймэл дагуул хөөргөснөөр алслагдсан сум, суурин газар, уулын ам, малчны хотхон, боомтууд интернэтэд холбогдож, олон сувгийн үйлчилгээ авах, холбоо харилцаатай байх, сансрын мэдээллийг ашиглаад хувийн хэвшил, ашиг орлогоо нэмэгдүүлэх, төр шийдвэр гаргахдаа BIG DATA буюу Их өгөгдөлд үндэслэж шийдвэр гаргах нөхцөл бүрдэнэ.
Сүүлийн үеийн статистик мэдээллээр ДДэш, МонСат зэрэг хиймэл дагуулаас олон сувгийн үйлчилгээ эрхэлдэг компаниуд жилд 12 сая ам.долларын төлбөрийг сансрын хиймэл дагуулд улсад төлдөг байна.
Олон сувгийн үйлчилгээ үзүүлж буй байгууллага болон үүрэн оператор компаниуд Монгол Улсын хөөргөсөн хиймэл дагуулаас сансрын үйлчилгээ авч эхэлбэл гадагш урсгах валютыг зогсоож, ажлын байр нэмэгдэнэ. Хиймэл дагуулыг 15 жил ашигладаг, энэ хугацаанд зардлаа нөхнө гэж тооцоолж байна.
1968 онд наран станц анх байгуулагдаж, 1970 онд МҮОНТ нэвтрүүлгээ цацаж байсан түүхтэй.
Өнөөдрийн байдлаар 21 аймаг, 330 сум, 1,500 багт шилэн кабелиар интернэтийг хүргэдэг. Одоо 190 багийг шилэн кабелиар холбох ажлыг ирэх жил хийнэ” хэмээн мэдээллээ.
Тэрбээр “Тоон технологи нь орчин үеийн дэвшилтэт бөгөөд Франц улс дэлхийн 30 гаруй оронд хиймэл дагуул хөөргөсөн туршлагатай. Бидний хөөргөх хиймэл дагуул нь харилцаа холбооны салбарынх гэдгээрээ онцлогтой” хэмээн тодотгов.