Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг НИТХ-ын хуралдаанаар өнөөдөр хэлэлцэж байна.
Хуралдаанд оролцож буй төлөөлөгчдийн асуултад Хотын даргад нэр дэвшигч Х.Нямбаатар хариуллаа.
Тодруулбал нийслэлийн Засаг даргаар ажиллах хугацаанд түгжрэл, утаа, агаарын бохирдлыг бууруулах хүрээнд ямар бодлоготой ажиллах талаар дараах хариултыг хэлэв.
Тэрбээр “Энэхүү улс төрийн шийдвэр гарсны дараа нийслэлийн статистиктай холбоотой баримтыг олж үзлээ.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот 1,700,000 хүн амтай байна. Би андуураагүй бол 1970-аад оны дунд үед Оросын нэр бүхий эрдэмтэн Улаанбаатар хотын гуравдугаар ерөнхий төлөвлөгөөний үндсэн автороор ажилласан юм билээ.
Тухайн үед эрдэм шинжилгээний байгууллагыг удирдаж байсан хүмүүс Улаанбаатарын ерөнхий төлөвлөгөөг хийхдээ 500,000 орчим хүн ам амьдарч, 80,000 гаруй тээврийн хэрэгсэл зорчихоор тооцоолон дэд бүтэц, инженерийн барилга байгууламжийг барьсан.
1990-ээд оноос хойших хүн амын шилжилт хөдөлгөөн, нийгмийн шилжилтийн дараа хөдөө орон нутгийн үйлдвэр, аж ахуйн нэгж, нэгдэл, улсын үйлдвэрийн газрууд хувьчлагдсанаас шалтгаалж, ажлын байр хайсан шилжилт хөдөлгөөний шууд нөлөөлөл Улаанбаатар хотын хүн амын механик өсөлтийг нэмэгдүүлэхэд хүрсэн гэж ярьдаг.
Юутай ч хүн амын механик өсөлт эрүүл мэнд, боловсрол, дэд бүтэц, агаар, хөрсний бохирдлын үндсэн шалтгаан болсон” гэлээ.
“Нийслэлийн асуудалд захиргааны болон бусад шийдвэрийг гаргахаас өөр сонголт байхгүй”
Мөн тэрбээр “Өнөөдөр Улаанбаатар хотод бүртгэлттэй 650,000 орчим тээврийн хэрэгсэл, өмнө нь төлөвлөгдсөн 80,000 орчим автомашин зорчих замаар зорчиж, түгжрэлийн үндсэн шалтгаан болж байна.
Тэгэхээр импортын болон аль нэг байдлаар Улаанбаатарын автомашины механик өсөлтийг хязгаарлаж, түгжрэлийг хэрхэн шийдэх, ямар нийтийн тээврийн хэрэгслийг бий болгох гэх мэтчилэн зүйлийг хамт шийдэх нь чухал.
Бид үнэнтэй нүүр тулах, түүнийг шийдэхийн төлөө улс төр болон захиргааны шийдвэр гаргахаар өөр аргагүй нөхцөлтэй байна.
Өнөөдөр нийслэлийн авто замын дундаж хурд таван километр цагаас доош орох түвшин рүү явж буй. Дэлхийн дунджаар 11 километр цагаас дээш хурдыг түгжрэл багатай гэх тооцоололтой юм билээ.
Гэтэл жилд 20,000-30,000 автомашин автоматаар нэмэгддэг. Иргэдийн автомашин худалдан авалтыг хязгаарлахаас илүү нийтийн тээврийн хэрэгслээр зорчих боломжтой нөхцөлийг бий болгох хэрэгтэй.Үүнтэй зэрэгцэн захиргааны болон бусад шийдвэрийг гаргах чиглэл рүү явахаас өөр сонголт байхгүй.
Өчигдөр би шахмал түлшний үйлдвэр дээр очиж ажилласан. Бид шахмал түлшнийхээ үйлдвэрийн үйлдвэрлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх бодлогоос татгалзах. Эсрэгээрээ шахмал түлшний үйлдвэрлэлийн хэмжээг бууруулж, иргэдийг орон сууцанд оруулах, түлшээр агаар бохирдуулахгүй байх шинэ бодлого руу явъя. Нийслэлийн дахин төлөвлөлтийг эргэж харъя.
Солонгост 1960-аад оны үеийн орон сууцжуулах хөдөлгөөнд гарсан алдаа завхралыг гаргахгүй байх туршлагыг нэвтрүүлэх чиглэлээр ойрын хугацаанд ажиллана” хэмээн ярилаа.