Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хуралдаанаар Улаанбаатар хотын засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг өнөөдөр Хангарди ордонд хэлэлцэж байна.
Энэхүү хуралдаанаар хэлэлцэх асуудлыг НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан баталсны дагуу Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай НИТХ дахь МАН-ын бүлгийн саналыг эхэнд танилцууллаа.
НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3, 56.4 дэх заалтын дагуу хуулийн шаардлага хангасан нэр дэвшигч Х.Нямбаатарыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаас 100 хувийн саналаар нэр дэвшүүлсэн” гэлээ.
Хууль дэгийн дагуу нийслэлийн Засаг даргад нам эвслийн бүлэг, төлөөлөгчид нэр дэвшүүлэх хэрэгтэй. Нэр дэвшүүлэх саналтай бүлэг, төлөөлөгчид нэрсээ өгөхийг Хуралдааны даргалагч Ж.Батбаясгалан сануулав.
МАН-ын бүлгээс 100 хувийн саналаар нэр дэвшүүлж буй УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын намтрыг танилцуулж байна.
Төгссөн сургууль, мэргэжил:
- 1996 онд 48 дугаар дунд сургууль
- 2000 онд Орхон их сургууль, эрх зүйч /Бакалавр/
- 2002 онд Орхон их сургууль, Боловсрол судлалын магистр
- 2008 онд Цагдаагийн академи, /Хууль сахиулахын Их сургууль/ Хууль зүйн ухааны магистр
- 2012 онд Удирдлагын Академи, Төрийн удирдлагын докторант
- 2017 онд Хууль сахиулахын Их сургууль, Хууль зүйн ухааны докторант
Ажилласан байдал:
- 2000-2007 онд Орхон их сургуульд багш
- 2005-2009 онд Монголын өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгч
- 2009 онд Сонгинохайрхан дүүргийн хуулийн зөвлөх
- 2009-2012 онд Сонгинохайрхан дүүргийн Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга
- 2012-2016 онд Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлын дарга
- 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2019-2020 онд Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга
- 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2020-2023 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд