Улсын Их Хурал ирэх онд 126 гишүүнтэй болно.

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын Тамгын газрын урсгал зардал хэр хэмжээгээр нэмэгдэж байгааг сэтгүүлчид УИХ-ын дарга Г.Занданшатараас тодруулав.

Тэрбээр “Гишүүдийн тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор шууд нэмэгдсэн зардал бараг байхгүй. УИХ-ын чуулганы хуралдааны сандар 50-аар нэмэгдэнэ. Үүнийг Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын парламент бэлэглэх болсон. Тус улсын Үндэсний ассамблейн дарга энэ онд манайд айлчлах үеэр хоёр талын парламент хоорондын хамтын ажиллагааны комиссын хүрээнд энэ асуудлыг шийдвэрлэсэн. Энэ ондоо эсвэл ирэх оны хоёрдугаар сараас өмнө багтаад орж ирнэ. Өмнө нь мөн Лаосын тусламжаар хийж байсан.

Харин микрофон, цахим системүүд урьд нь КОЙКА-гийн тусламжаар хийгдсэн. Одоо тэр бүтээгдэхүүн нь байхгүй, шинэчлэх боломжгүй болж, ашиглалтын хугацаа нь дууссан. Иймд цахим системийг шинэчлэх ажил олон жил яригдсанаар ирэх онд шийдэгдэх болж байна. Энэ дүн төсөвлөгдсөн байгаа” хэмээв.

Өчигдөр Сангийн сайд Б.Жавхлан ирэх оны төсвийн талаар мэдээлэл хийхдээ “126 гишүүнтэй болж байгаатай холбоотойгоор Төрийн ордны засвар үйлчилгээнд 12 тэрбум төгрөг зарцуулна” хэмээн мэдэгдсэн.

Энэ талаар УИХ-ын Г.Занданшатараас дахин тодруулахад “12 тэрбум 669 сая төгрөгийг УИХ-ын цахим системийг шинэчлэхэд тусгасан. Энэ бол гишүүдийн тоо нэмэхээс үл хамааран хийхээр төлөвлөгдсөн ажил. Энэ хүрээнд цахим систем, микрофон, тоног төхөөрөмжүүдийг шинэчилнэ” гэв.

By Enkhjin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн