Сэтгэцийн эрүүл мэнд- 2023 эрдэм шинжилгээний олон улсын хурлыг “Сэтгэцийн эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” уриан доор тэмдэглэхтэй талаар холбогдох байгууллагууд өнөөдөр мэдээлэл хийлээ.
Сүүлийн таван жилийн хугацаанд сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр ахиц дэвшлүүд гарч сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлийн орон тоо орон нутагт нэмэгдэж аймаг, дүүрэг нийгмийн эрүүл мэндийн бүтцэд сэтгэц, донтолтын эмч, ЕБС, цэцэрлэгт сэтгэлзүйч ажиллуулах шийдвэр гарч хүн амтай ажиллах хүний нөөц нэмэгдсэн гэдгийг ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн алба хариуцсан газрын дарга Г.Ганхуяг хэллээ.
“Манай улс хүн амынхаа сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг түүхэндээ хоёр л удаа судалсан байдаг”
Манай улсын сэтгэцийн эрүүл мэндийн талаарх 2013 онд хийгдсэн судалгаагаар:
- Таван хүн тутмын нэг нь сэтгэл түгших эмгэгтэй
- Таваас зургаан хүн тутмын нэг нь нойрны эмгэгтэй
- Зургаан хүн тутмын нэг нь архаг ядаргаатай
- Найман хүн тутмын нэг нь тайлбарлаж боломгүй биеийн зовуурьтай
- Арван таваас арван зургаан хүн тутмын нэг нь архинд донтох эмгэгтэй
- Арван зургаа хүн тутмын нэг нь сэтгэл гутралтай байна гэсэн тооцооллууд гарч байжээ.
Манай улс хүн амынхаа сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг түүхэндээ хоёр л удаа судалсан байдаг бөгөөд эхнийх нь 1981-1991 оны хугацаанд үргэлжилсэн бол хамгийн сүүлд 10 жилийн өмнө буюу 2013 онд судалсан байдаг юм байна.
ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте хэлснээр уг судалгаагаар дөрвөн хүн тутмын нэг нь сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай амьдарч байсан байна гэсэн дүгнэлт гарч байжээ.
Сэтгэцийн асуудал үүсгэж байгаа гол асуудалд:
- жендэр,
- гэр бүлийн гишүүдийн хоорондын харилцаа холбоо дутагдалтай байгаа,
- ажилгүйдэл,
- гэрлэлтийн асуудал,
- согтууруулах ундааны хэтрүүлсэн хэрэглээ
- нийгмийн орчин орж байна.
Судлаачдын хувьд жил бүр судалгаа хийх сонирхол байсан ч санхүүгийн асуудлаас болж чаддаггүй. Нэг жилд сэтгэцийн эрүүл мэндийн салбарт зарцуулдаг төсвийн маш бага хувийг эрдэм шинжилгээний ажилд зарцуулагдах боломж гардаг гэдгийг АШУҮИС-ийн Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхимийн багш Д.Оюунсүрэн хэлж байв.
Гэхдээ бусад гадаадын байгууллагуудын санхүүжилттэй судалгаанууд байдаг. Түүнчлэн эрт илрүүлгийн үеэр сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой нэг асуумж явж байгаа тэрхүү асуумж нь тэр чигээрээ сэтгэцэд ямар өөрчлөлт орж байна вэ гэдгийг нас насаар нь судалж байгаа гэдгийг ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн алба хариуцсан газрын дарга Г.Ганхуяг онцлон хэллээ.
2018 онд хийгдсэн эрдэмтдийн зөвлөлдөх уулзалтаар Монгол Улсын хүн амын сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал буюу судлан шинжлэх шаардлагатай дараах гурван асуудлыг дэвшүүлсэн байна.
Үүнд:
- Хүүхэд, өсвөр үеийн сэтгэцийн эрүүл мэндийн асуудал тэр дундаа хүчирхийлэлтэй холбоотой асуудал
- Мансуурал, Донтолт
- Амиа хорлох үзэгдэл орсон байна.
Эрдэм шинжилгээний хурлаар Монгол Улсад тулгамдаж буй сэтгэцийн эрүүл мэндийн асуудлууд гарч ирнэ гэж харж байгаа аж.
Хуралд Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн эцэг болсон сэтгэцийн эмч оролцохоор болсон. Мөн хоёр дахь өдөр нь иргэд рүү чиглэсэн ажил хийгдэнэ гэдгийг зохион байгуулагчид онцолж байлаа.