“Архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээг бууруулах нь” салбар дундын хэлэлцүүлэг өчигдөр Төрийн ордонд зохион байгуулагджээ.
Өнгөрсөн онтой харьцуулахад архи, согтууруулах ундааны борлуулалт 12.5 хувиар, согтуугаар үйлдсэн гэмт хэрэг, зөрчил 15.8 хувиар буурсан. Мөн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих санг байгуулсан тухай Ерөнхийлөгчийн эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан онцолжээ.
Уг хуулийн 213 дугаар зүйлд зааснаар тус сан нь архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг санхүүжүүлэх зориулалттай аж.
Онцгой албан татварын тухай хуулийн 6.11-д заасны дагуу ногдуулан хураасан татварын орлогын гүйцэтгэлээс татвар ногдсон согтууруулах ундааны литр тутмаас 300 төгрөгийн орлогыг Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих санд тухай бүр төвлөрүүлэхээр тусгасан байна. Энэ хүрээнд тус санд оны эхний зургаан сарын байдлаар 14.6 сая литр согтууруулах ундаа борлуулсан орлогоос 4.3 орчим тэрбум төгрөг хуримтлагдсан тухай мэдээллийн Т.Мөнхсайхан зөвлөх өгчээ.
Хэлэлцүүлэгт оролцсон ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте “Архи согтууруулах ундааны зохисгүй хэрэглээ нь Нийгмийн эрүүл мэндийн хувьд томоохон асуудал бөгөөд дэлхий даяар үүнээс шалтгаалан гурван сая хүн нас барж, олон сая хүн хөгжлийн бэрхшээлтэй болж, эрүүл мэндийн доройтолд орж байна” гээд дэлхий нийтэд өвчлөлийн 5.1 хувь нь архинаас шууд хамааралтай гэсэн судалгаа гарсан.
Түүнчлэн Монгол Улсад 270 хүн тутамд архи, согтууруулах ундаа борлуулах нэг цэг ногдож байгаа нь дэлхийд маш дээгүүрт орох үзүүлэлт. Тиймээс шинээр гарсан хууль тогтоомж, “Эрүүл монгол хүн” хөтөлбөрөөр дамжуулан энэ тоон үзүүлэлтийг бууруулна гэдэгт итгэлтэй байна” гэжээ.
Үндэсний статистикийн хорооны мэдээллээс харахад сүүлийн таван жилд согтууруулах ундааны хэрэглээ, үйлдвэрлэл тасралтгүй нэмэгдсэн байдгийг Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа дурдсан байна.
“Наркологийн эмнэлэгт жилдээ 2,500-3,000 хүн эмчилгээ хийлгэдэг”
Наркологийн эмнэлгийн дарга Д.Ганбат “Манай байгууллагад жилдээ 2,500-3,000 хүн эмчилгээ хийлгэдэг. Хэлэлцүүлгээр эмчилгээний чанар, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа зэрэг олон асуудал яригдаж байна.
Бид өнгөрсөн жил Цагдаагийн ерөнхий газартай хамтран “Итгэл” төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Энэ жил 900 иргэнийг хамруулан зохион байгуулахаар ажиллаж байна. Архи согтууруулах ундаатай холбоотой асуудалд маш олон байгууллага хамтарсан бодлого боловсруулж байж үр дүнд хүрдэг. Түүнчлэн манай улсад мансуурлын мэргэшсэн мэргэжилтэн байхгүй” хэмээжээ.
Согтууруулах ундааны борлуулалтын хувьд 2022 оны эхний хагаст 16.8 сая литр, харин 2023 оны мөн үед 14.6 сая литр болж, архины худалдан авалт 2.2 сая литрээр багассан эерэг өөрчлөлт гарчээ.
Үүнийг өргөн хэрэглэдэг 0.5 литрээр тооцож үзвэл 4.4 сая шил архи хэрэглэхээс зайлсхийсэн, насанд хүрсэн нэг хүнд ногдох архи хоёр шил архиар багассан гэж үзэж болох аж.
Мөн импортолсон согтууруулах ундааны хэмжээ 150 мянган литрээр багассан зэрэг эерэг үзүүлэлтүүд гарсан нь Монгол Улсад анх удаа архи, согтууруулах ундааны хэрэглээ буурсан үзүүлэлт гэдгийг хэлэлцүүлгийн үеэр онцолжээ.