ХҮН намын дэргэдэх Бодлого, судалгааны хүрээлэнгийн судлаачид болон эдийн засагчид 2024 оны Төсөв, мөнгөний бодлогын асуудлаар Төрийн ордонд өнөөдөр мэдээлэл өглөө.
Энэ үеэр Эдийн засагч Ц.Лут-Очир 2024 оны төсвийн төсөлтэй холбогдуулан мөнгөний бодлогод хийсэн дүгнэлтээ танилцуулав.
Тэрбээр “2024 оны мөнгөний бодлогод инфляцыг зургаа нэмэх хасах хоёр гэсэн тооцоолол хийсэн байсан. Төсвийн зарлага өндөр байгаа үед инфляцыг нэг оронтой тоонд барих боломжгүй.
Монголбанкны эдийн засагчдын хийсэн судалгаагаар төсвийн зардлыг нэг их наяд төгрөгөөр нэмэхэд инфляц нэг хувиар нэмэгддэг гэсэн тооцоолол байдаг. 2024 оны төсвийн төсөлд зарлага нь таван их наяд төгрөгөөр нэмэгдэж орж ирсэн. Тэгэхээр ирэх онд инфляц 15 орчим хувьтай байх болов уу гэсэн тооцоолол хийсэн.
Төсөв их тэлэлттэй байгаа үед мөнгөний хатуу бодлого баримтлах ёстой. Учир нь төгрөгийн ханшийн тогтвортой байдал, худалдан авах чадварыг хангахын тулд Монголбанк мөнгөний хатуу бодлого баримтална.
Энэ нь бодит амьдрал дээр бизнес хийж буй хүмүүсийн зээлийн хүү өндөр хэвээр байна гэсэн үг. Нөгөө талдаа төсвийн өндөр зарлагыг дагасан авлига хээл хахууль, хулгай үргэлжлэх юм байна гэсэн дүгнэлт хийж болно.
2024 оны төсөв нь хувийн хэвшлийг дэмжиж чадсангүй. Дотоодын нийт бүтээгдэхүүнд харьцуулсан төсвийн зарлага нь 36.7 хувь байна. Энэ нь сүүлийн 10 жилд байхгүй түүхэн тоо юм.
Энэ нь хувийн хэвшлийг дэмжих бус төсвийн зарлагыг дагадаг хүмүүсийн бизнес өргөждөг тогтолцоог тогтоох төсвийн төслийг өргөн барьсан нь ажиглагдаж байна. 2024 оны төсөв нь дунд болон урт хугацаандаа Монголын эдийн засгийн хөгжлийг боомилсон, үр өгөөжгүй, хулгайг дэмжсэн болж үлдэх гээд байгаа юм.
Үүнээс гарахын тулд төсвийн зардлаа багасгаж, алдагдалгүй төсөв батлахыг УИХ, Засгийн газраас шаардах хэрэгтэй байна” хэмээн ярив.