Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш гурав дахь жилээ үргэлжилж байна. Жил бүрийн 5 болон 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр зарласан бөгөөд энэ жилийн хувьд өнгөрсөн амралт /10.07/-ын өдөр тохиосон.
Иймд Санхүүгийн зохицуулах хорооны хамт олон энэхүү хөдөлгөөнд гурав дахь жилээ нэгдэж цөлжилтөд ихээр өртөөд буй Өвөрхангай аймгийн Хархорин суманд зохицуулалтын зарим байгууллагын хамтаар мод тарилаа.
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан энэ үеэр “Тэрбум мод тарьж ногоон байгууламжийг нэмэгдүүлснээр зөвхөн Монгол Улс төдийгүй дэлхийн дулаарлын эсрэг олон улсын зорилго зорилтуудад чиглэсэн чухал алхам билээ. Иймд Санхүүгийн зохицуулах хорооны хамт олон гурав дахь жилээ нэгдэж мод тарихын зэрэгцээ санхүүгийн салбартаа ч ногоон санхүүжилтийн зах зээлийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг нь тэлэх ингэснээр байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилгоор ажиллаж байна. Ингэхдээ зах зээлд энэ төрлийн бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, ногоон хөрөнгө оруулалтын оролцоог тэлэх, нээлттэй болгох бодлого боловсруулахад онцгой анхаарч ажиллалаа.
Тухайлбал, биржийн болон биржийн бус зах зээл дээр ногоон бонд гаргах эрх зүйн орчныг бүрдүүллээ. Мөн “Байгаль орчин нийгэм, засаглал (БОНЗ), Тогтвортой байдлын тайлагналын удирдамж”-ийг гаргаж, даатгалын мэргэжлийн оролцогчид тавигдах шаардлагын журамд “ногоон даатгал”-ыг тодорхойлж, даатгалын компаниуд энэ төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг гаргах эрхзүйн орчныг мөн бүрдүүлсэн.
Түүнчлэн “Банк бус санхүүгийн байгууллагуудад зориулсан байгаль орчин, нийгмийн хүчин зүйлтэй холбоотой эрсдэлийн удирдлагын журам боловсруулах үлгэрчилсэн заавар”-ыг баталсан бол одоо ногоон зээл, ногоон бонд зэрэг бүтээгдэхүүнүүдэд батлан даалт гаргуулахаар дотоодын болон гадаадын батлан даалтын сангуудтай хамтарч ажиллаж байна. Ингээд салбарын нийт оролцогчдодоо ногоон санхүүжилтийг хөгжүүлэхийн төлөө хамтарч ажиллахын зэрэгцээ “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж хамтдаа мод тарихыг уриалж байна” гэсэн юм.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооныхон салбарын байгууллагуудынхаа хамтаар Сонгинохайрхан дүүргийн Баянхошуунд байрлах Бумбатын ам, Ар Гүнтэд байрлах “Инчьеон мөрөөдлийн төгөл”, Минж үржүүлэн нутагшуулах төвд байрлах банк бус санхүүгийн байгууллагуудын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн, Баянзүрх дүүргийн Гачуурт тосгон болон Өвөрхангай аймгийн Хархорин суманд тус тус мод тариад байна.