Өдгөө 100 гаруй жилийн түүхээ тэмдэглэж буй Монгол Ардын нам Монгол Улсыг Ардчилсан засаглалд шилжсэнээс Улаанбаатар хотыг дангаараа бүрэн удирдаж буй. Дундуур нь Ардчилсан нам угшилтай Э.Бат-Үүл “баатар” л жаахан салхи оруулсан төдий. Тиймээс Улаанбаатар хотын одоогийн байгаа төрх бол яах аргагүй МАН-ы л бүтээл…
Өчигдөр бид хотын даргаа, түгжрэлийн сайдтайгаа огцруулав. Асуудлын уг нь Нийтийн тээвэрт явуулахаар олон арван тэрбум төгрөгөөр авчирсан автобуснууд нь “хуучин” байв. Ийнхүү 2023 оны 10-р сарын 3-ны өдрийн өглөө автобус ч үгүй, дарга ч үгүй, мөнгө ч үгүй болсон Улаанбаатарчуудын амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилж байна.
Дараа жил сонгууль. Тиймээс намрын улс төр жинхэнэ буцална. Гэвч эрх баригч нам сөрөг хүчинтэйгээ биш дотроо л “алалцана” гэдэг нь улс төр мэдэхгүй 10 жилийн сурагчид ч тодорхой. МАН хэтээсээ АН-ы эмх цэгцийг С.Эрдэнээр дамжуулж алдагдуулж байсан бол одоо өв залгамжлуулах хэд хэдэн хүнээ дотор нь байршуулан гэж хэлэгддэг. Тиймээс ч АН-ыг хөлөө олохгүй яваад гайхах ч, шүүмжлэх ч аргагүй мэт. Мөн ХҮН-ий Т.Доржхандыг Д.Амарбаясгалангийн “цэрэг” ч ордноор хошигнодог. Ямартай ч ХҮН-ийхэн ногоон автобус дээр оройлон, гоцлон “тоглов”. Тэр “хов”-ыг батлах ч мэт. Учир гэвэл МАН дотроо Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ, У.Хүрэлсүх, Ч.Хүрэлбаатар зэрэг манлайлагчидтай болчихсон. Энэ хэдийнхээ дунд “эрх мэдлийн тулаан” болцгоож байгаа нь илэрхий.
Л.Оюун-Эрдэнийн хувьд “Авлигатай тэмцэнэ гэдэг намын нөхөдтэйгөө, мөр зэрэгцэж зүтгэж буй хамтрагчидтайгаа тэмцэх нэр” гээд өмнө нь алдарт үгээ хэлээд ард түмний тархийг вакцинжуулчихсан болохоор “Ногоон автобус”-ны хор Ерөнхий сайд руу үсэрсэнгүй. Тиймээс ч танхимын сайд, улс төрийн хамтран зүтгэгчээ “Ажлаа өг өө” гээд хэлээд явуулчихад ард түмэн ч гайхсангүй.
УИХ-ын дарга Г.Занданшатар намрын чуулганыг нээж үг хэлэхдээ “Худал үг, хулгай луйвар 5 алхалгүй баригддаг болчихлоо. Бүгдээрээ энэ намар нүүрсний сонсголоо хийнэ, сонгуулийн төсөв өө батална, авлигатай тэмцэнэ” гэдэг агуулгатай үг хэлсэн нь өчигдрийн онцлох эшлэлүүд болж хэвлэл бүрд зурайсан.
Өөдөөс нь хараад суучихсан гишүүдийн 12 нь нүүрсний хулгайгаар шалгагдаж, тал нь авлига албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт хэрэгт шалгагдаж байхад ийм үг хэлж байгаа нь “хоржоонтой” ч юм шиг.
Л.Оюун-Эрдэнэ 5Ш хүрээндээ М.Энхболдын хамтрагч Т.Бадамжунайг авчраад “хорьчихсон”. Мань хоёр бол “Ээ бүү үзэгд, юууун ногоон автобус вэ” гэж уулга алдахаар түүхтэй гэдгийг монголын ард түмэн мэднэ. Хотын хулгайг хэчнээн Д.Сумъяабазарт “хаягласан” байлаа ч Л.Оюун-Эрдэнэд өөдөөс нь дэлгэх хөзрүүд олон байгаа учир ч тийм додигор “найзуудаа ажлаа өгчих” гэж хэлээд нөгөөдүүл нь гялс буугаад явчихсан ч байж мэдэх юм.
Эцэст нь, хөндлөнгийн ажиглагчийн хувиар Л.Оюун-Эрдэнэ байна уу, М.Энхболд ч байна уу, Д.Амарбаясгалан ч байна уу. МАН дотроо алалцана. Монголын Улс төр буцална. Улс төрийн зодоон учир нь олдохгүй байж болох ч иргэдийн амьдралд ямар байгаа нь харин илхэн бас тодхон. Дэлхийн хамгийн хүйтэн нийслэл Улаанбаатар хотод, Монгол Улсын тэн хагас нь амьдардаг энэ л газарт өглөө, оройдоо автобусандаа багтахгүй стрессдэж, хүйтэн цонхонд хайрагдаж тавгүйрхсэн энгийн иргэдийн голд нэгэн гомдол зурж хадгалагдаж үлдсэн нь тодорхой. Өдгөө 100 гаруй жилийн түүхээ тэмдэглэж буй Монгол Ардын нам Монгол Улсыг Ардчилсан засаглалд шилжсэнээс Улаанбаатар хотыг дангаараа бүрэн удирдаж буй. Тиймээс л бид зун нь үерт урсчих гээд, өвөл нь угаартаж үхчих гээд тэмцэж амьдарч байна даа.
Б.Бадама