Шинээр оруулж ирсэн автобусны асуудлаар Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар Хангарди ордонд өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тодруулбал Солонгосын “Daewoo” үйлдвэрийн 80 автобусыг Улаанбаатар хотод есдүгээр сарын 26-нд оруулж ирсэн билээ.
Гэвч нийслэлд оруулж ирсэн “Ногоон автобусны арлын дугаараар хайтал 30 жилийн өмнөх 1993 оны зорчигч тээврийн автобус гэж гарч ирсэн” гэх шүүмжлэл цахим орчинд өрнөж байна.
Энэ асуудлын хүрээнд Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар дараах тайлбар, мэдээллийг өгөв.
Тэрбээр “Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 55 цахилгаан автобус оруулж ирсэн. Эдгээр автобус иргэдийн үйлчилгээнд явж байгаа.
Евро дизель хөдөлгүүрт “Daewoo” брэндийн 100 автобус оруулж ирсэн. Сошиал орчинд 80 автобустай холбоотой шүүмжлэл өрнөж буй. Эдгээр 80 автобусыг өнөөдөр газар дээр нь очиж үзлээ.
“Daewoo” үйлдвэрээс гарсан тухайн автобуснуудыг хүлээн авах Ажлын хэсэг буюу комисс ажиллуулна.
Эдгээр автобус шинэ үү, хуучин уу гэдэг нөхцөлд шинжээчид болон техникийн мэдлэг бүхий эрдэмтэн багш нарыг оролцуулсан Ажлыг хэсгийг гаргах нь зүйтэй гэж шийдсэн” хэмээн мэдээлэв.
Үргэлжлүүлэн сэтгүүлчийн асуултад тэрбээр хариуллаа.
Сэтгүүлч: “1993 онд үйлдвэрлэгдсэн автобуснууд байна” гэх баримтыг ХҮН намаас гаргаж, мэдээлсэн. Үүнд тайлбар өгнө үү?
Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар: Улс орнуудад үйлдвэрлэгдэж байгаа тээврийн хэрэгслүүд 17 цифрээр танигддаг. Үйлдвэрлэгдсэн онуудад 17 цифрээр буюу латин үсгээр тодорхойлж, зааж өгсөн байдаг. Манай холбогдох хүмүүс энэ үсэг нь аль онд үйлдвэрлэгдсэн бэ гэдгийг тодорхойлох танилцуулгуудыг бэлдсэн.
Цахим орчинд “1993 онд үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэл” гэх мэдээлэл цацагдсан. Үүнд тайлбар хэлбэл латин үсэг нь 30 жилийн дараах давтамжтайгаар дахиж тавигдаж явдаг жишээтэй.
Тухайлбал 1992 онд үйлдвэрлэгдсэн бол тухайн латин үсэг дахин 2022 оныхоо үйлдвэрийг зааж явдаг.
Үүнтэй адилаар 1993 онд үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгслийн оныг зааж байгаа латин үсэг нь 2023 он гэдэгт мөн латин үсгээр зааж явдаг.