Дорнод аймагт эрэн хайж байсан долоон настай хүүгийн цогцсыг дэрсэн дундаас олсон талаар Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас мэдээлэл өгөв.
ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад Э.Энхзаяа “Энэ оны есдүгээр сарын 26-ны 21:00 цагийн орчимд Дорнод аймгийн цагдаагийн газарт “Миний долоон настай хүү оршин суух газраасаа есдүгээр сарын 25-наас хойш алга болсон” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Уг дуудлага мэдээллийн дагуу Дорнод аймгийн цагдаагийн газрын дэд даргаар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн 25-30 алба хаагч оршин суух хаягаасаа сураггүй алга болсон бага насны хүүхдийг эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгууллаа.
Эрэн сурвалжлах ажиллагааны хүрээнд авагдсан мэдээллийн дагуу есдүгээр сарын 28-ны 16:00 цагийн орчимд тус аймгийн Хэрлэн сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хөгшир гэх газрын ойролцоо Хэрлэн голоос 400 метр орчим зайд долоон настай хүүхдийг нас барсан байдалтай олж тогтоосон харамсалтай хэрэг гарсан байна.
Хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг тогтоохоор цагдаагийн байгууллагаас тал бүрээс нь ажиллаж байгаа.
Энэ хэрэгт 34 настай эрэгтэй Б гэгчийг холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлд зааснаас эрүүгийн хэрэг үүсгэж, цагдан хорьсон байгаа” хэмээлээ.
“Зам, маршрутыг тогтоож, хяналтын камеруудад үлдсэн бичлэгийг нотлох баримтын хэмжээнд авсан”
Хэргийн нөхцөл байдлын талаарх сэтгүүлчдийн асуултад тэрбээр дараах хариултыг өгөв.
-34 настай Б гэгч нь тухайн хүүгийн аав байсан гэсэн мэдээлэл байна, үнэн үү?
-Энэ талаарх мэдээлэл авагдсан. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3.5-д зааснаар хэрэг бүртгэлт эрүүгийн хэргийн нөхцөл байдлын талаарх, нийтэд мэдээлэх боломжтой хэмжээнд та бүхэнд мэдээлэл хүргэлээ.
-Аав нь хэргээ нуун дарагдуулсан байж болзошгүй, дэрсэн дунд орхиж явсан гэх мэдээлэл бий.
-Энэ асуудалд холбогдогч Б болон талийгаач хүүгийн оршин суух газраасаа алга болсон өдрөөс хойших хугацааны зам, маршрутыг шалгаж, цагдаагийн байгууллагаас холбогдох бүхий л ажиллагааг хийж байгаа.
Хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг тогтоохоор тал бүрээс нь ажиллаж, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа учраас эцсийн шийдвэр гараагүй.
-Хэргийг нуун дарагдуулсан тохиолдолд хуулийн ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?
-Эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн асуудлыг Улсын Дээд Шүүх шийдвэрлэдэг. Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай этгээдэд хуулийн хариуцлага хүн бүрд авна гэж заасан.
-Хэрэг гарах үед ээж нь Улаанбаатар хот руу явсан учраас хүү ахтайгаа үлдсэн гэх мэдээлэл байна.
-Ар гэрийн аж ахуй амьдралын талаар ийм мэдээлэл байгаа. Гэхдээ албаны мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа үргэлжилж буй.
-Хяналтын камерыг шүүсэн үү?
-Зам, маршрутыг тогтоохоор цагдаагийн байгууллагын алба хаагчид ажилласан. Үүний дагуу хяналтын камеруудад хадгалагдан үлдсэн бичлэгийг нотлох баримтын хэмжээнд авсан.
Бага насны хүүхдийн амь нас хохирсон энэ асуудалд шалгалтын ажиллагаа дуусгавар болоогүй, шүүхийн шатанд хэргийн талаарх шийдвэрийг гаргах учраас дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.