Боловсрол, Шинжлэх Ухааны сайд энэ өдрүүдэд Бүгд Найрамдах Куба Улсад айлчилж байна.
Айлчлалын хүрээнд өчигдөр Кубын гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын дэд сайд Ана Фресита Фрага болон Дээд боловсролын сайд Уолтер Балужа Гарсиа нартай уулзлаа.
Уулзалтаар Кубын тал тэтгэлгээр Кубад суралцуулах Монгол оюутны тоог нэмэгдүүлэн тав болгож байгаагаа мэдэгдэв. Харин манай талаас Монгол Улсад тэтгэлгээр суралцах Куба оюутны тоог мөн энэ хэмжээнд хүргэхээр боллоо.
Куба Улсад анагаахын чиглэлээр төгссөн Монгол оюутнуудыг дараагийн түвшин буюу резидентурт сургах хүсэлт тавьсныг нааштай хүлээн авсан байна.
Түүнчлэн залуу эрдэмтдийн хамтарсан судалгааг вакцин, хөдөө аж ахуй, мал эмнэлгийн чиглэлээр хамтарч эхлүүлэх талаар санал солилцов. Кубын тал энэ санал дээр нэмээд хүнсний аюулгүй байдал, байгаль орчны өөрчлөлт, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтрах саналуудыг тавьж тохиролцоонд хүрлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Кубын Ерөнхийлөгч ирэх жил манай улсад айлчилна. Энэ үеэр дээрх хамтын ажиллагааг эхлүүлсэн байхаар шийдвэрлэлээ гэж Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас мэдээллээ.
Өмнө нь Куба улсын Засгийн газрын тэтгэлгээр жилд нэг иргэнийг суралцуулдаг байв.