АН-ын Тэргүүн дэд дарга С.Баярцогт цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Намын анхдагч нар 2024 оны сонгуулиар байр сууриа хоёр дахь үеийнхэндээ шилжүүлж байгаа. Үүнийг намынхан ардчиллын дахин сэргэн мандалтын эхлэл гэж харж байна. 1980, 1990 оныхон АН-ын удирдлагад шинээр орж ирж байгаа. Энэ нь бодлогын хувьд томоохон өөрчлөлт болно.
Манай улсын 33 жилийн түүхийн хугацаанд нэг нам үнэмлэхүй ялалт авсан тохиолдол нь өнгөрсөн сонгууль байсан. Ийм байдал удаан үргэлжилж, бодитой сөрөг хүчингүй байвал манай улс аажимдаа авторитар тогтолцоонд шилжинэ. Тиймээс одоогийн АН-ын гишүүд, удирдлагууд хариуцлагатай байх шаардлагатай байгаа юм.
АН, ардчиллын төлөөх намууд эв нэгдэлгүй байх үедээ ялагдал хүлээдэг. Харин одоо та бүхэн шинэчлэгдэж байгаа, шинэ АН-ын тухай ярих болно” гэдгийг хэллээ.