Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ОХУ-тай хиллэж буй хойд хилийг шалгаж буй талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Энэ жил ОХУ-тай хамтарсан ажлын хэсэг хойд хилийг шалгах ажлаа эхлүүлээд байгаа. ОХУ-тай хиллэж байгаа эргэлтийн цэгийг тэмдэглэж, харилцан протокол хөтлөх юм. Мөн хилийн тэмдэгтүүдийг байгалийн чулуугаар тэмдэглэх ажил давхар эхэлсэн.
1970-аад оны үед хийгдсэн хилийн баганууд ихэвчлэн элэгдсэн байна. Цаг агаар аянга цахилгаанаас шалтгаалж гэмтсэн. Хойд хилийнхээ бүх багана тэмдэгтийг гантиг чулуугаар шинэчилнэ. Ингэснээр Монгол Улс хоёр хөрштэйгөө ямар нэг маргаангүй болно” хэмээв.