Улсын хэмжээнд 15 ба түүнээс дээш насны хүн амын 1.2 сая нь ажиллах хүч байна. Тухайн ажиллах хүчний 94.2 хувь нь энэ оны хоёрдугаар улиралд хөдөлмөр эрхэлж байгаа аж. Ажиллагчдын тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.6 мянга буюу 0.4 хувиар буурчээ. Харин өмнөх улирлаас 4.4 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
“25.4 мянган хүн боломж гарвал ажиллах хүчний эгнээнд нэгдэх сонирхолтой, боломжит ажиллах хүч байгаа юм. Боловсруулах салбарын ажилчдын тоо 13 хувиар буурсан. Боловсролын салбарын ажилтнууд болон бөөний, жижиглэн худалдаа эрхлэгчдийн тоо өссөн” гэдгийг Үндэсний статистикийн хорооны Хөдөө аж ахуй, байгаль орчин, үйлдвэрлэлийн статистикийн хэлтсийн дарга Э.Мягмарханд танилцууллаа.
Өмнөх оны мөн үетэй харьцуулахад цалинтай байнгын ажиллагч 16.6 хувиар өссөн байна. Эрэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшин 66 хувь байгаа бол эмэгтэйчүүдийнх 50.7 хувь байгаа аж.