Улаанбаатар хотод өчигдөр үдээс хойш үргэлжлэн орсон борооны хэмжээ 15-18 мм байсныг Цаг уурын байгууллагаас мэдээллээ. 15-30 мм хүртэлх хур тунадас орвол цаг агаарын аюултай үзэгдэл гэж үздэг байна.
НОК-оос өгсөн мэдээллээр борооны үеэр Сэлбэ голын сав орчим, Дарь-Эхийн төв зам дагуу борооны ус урссан байдалтай, усны түвшин бага зэрэг нэмэгджээ. Үерийн далан шуудуу задарсан, сэтэрсэн нөхцөл үүсээгүй байна.
Харин шаварт суусан тухай нэг дуудлага Онцгой байдлын байгууллагад 23:10 цагт иржээ. Тодруулбал Налайх дүүргийн “Горхийн баруун салаа” гэдэг газар иргэний “Форд транзит” маркийн суудлын автомашин шаварт суусныг татан гаргасан байна.
Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр усархаг, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхаарууллаа.