2023-2024 оны хичээлийн жилийн нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл үргэлжилж байна. Нэгдүгээр шатны бүртгэл наймдугаар сарын 20-нд хаагдана. Бүртгэл эхэлсэн өдөр буюу наймдугаар сарын 1-нээс өнөөдрийг хүртэлх хугацаанд 83,576 хүүхэд бүртгүүлжээ.
Энэ жилийн цэцэрлэгийн бүртгэлд 2018-2021 онд төрсөн хүүхдүүд хамрагдах юм.
Таны хүүхэд аль цэцэрлэгт хуваарилагдсан талаарх мэдээллийг наймдугаар сарын 21-25-ны өдрүүдэд эцэг эх, асран хамгаалагчдын бүртгэлтэй утасны дугаарт илгээх юм байна.
Есдүгээр сарын 1-нийг хүртэл бүртгэлээ баталгаажуулан, хуваарилагдсан цэцэрлэгтэй нь гэрээ байгуулах ёстойг БШУЯ мэдээлэв.
2023 оны есдүгээр сарын 11-20-ны өдрүүдэд цэцэрлэгт орох хүүхдүүдийн хоёр дахь шатны бүртгэл явагдах юм байна.
Цахимаар бүртгүүлэх заавар:
- E-Mongolia төрийн үйлчилгээний нэгдсэн систем рүү нэвтрэн орно.
- “Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлт” гэсэн цонх гарч ирэхэд хүүхдийнхээ мэдээллийг оруулна.
- Өмнөх жил цэцэрлэгт хамрагдаж байсан бүртгэлтэй бол тухайн цэцэрлэгийн нэр, дугаарыг дүүргийн нэрийн хамт сонгоно.
- Цэцэрлэгийн нэр, дугаар харагдахгүй бол “Шинээр элсэх хүүхэд” гэж ойлгоно.
- Хүүхдийн бүртгэлтэй хаягийг сонгоно.
- Цэцэрлэгт хүүхдээ хамруулахгүй бол шалтгаанаа сонгоод хүсэлтийг илгээнэ.
- Хүүхдээ бүртгэлтэй цэцэрлэгтээ үргэлжлүүлэн суралцуулах бол “Таны хүсэлтийг хүлээн авлаа.” гэсэн мэдээлэл гарч ирэхэд хүсэлтээ шууд илгээх боломжтой болно.
- Бүртгэлтэй цэцэрлэгтээ хамруулахгүй, эсвэл шинээр элсэх хүүхэд “Шилжилт хөдөлгөөн хийхгүй.” гэсэн тохиолдолд “Тухайн хаяг дээр хуваарилалт хийнэ.” гэсэн мэдээлэл гарч ирсний дараа “Ойлголоо” гэсэн товчийг дарснаар хүсэлт илгээгдэнэ.
- Бүртгэлтэй цэцэрлэгтээ хамруулахгүй, эсвэл шинээр элсэх хүүхэд “Шилжилт хөдөлгөөн хийнэ.” гэсэн тохиолдолд “2023/08/20-ны 17:00 цагаас өмнө шилжилт хөдөлгөөнөө хийнэ.” гэсэн мэдээлэл гарч ирсний дараа “Ойлголоо” гэсэн товчийг дарснаар хүсэлт илгээгдэх болно.
- Анхаарах зүйлс:
- Оршин суугаа газартаа бүртгэлтэй, бичиг баримтын зөрчилгүй байх, өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
- Түр оршин суугч цэцэрлэгт хүүхдээ хамруулах хүсэлтийг цахимаар илгээхийн тулд амьдарч буй хороо, дүүрэгтээ бүртгүүлж, улсын бүртгэлийн хаягийг элсэлтийг зохион байгуулах хугацаанаас өмнө шилжүүлж, баталгаажуулсан байх;
- Хэрэв E-Mongolia системээр дамжуулан цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлт явуулах боломжгүй бол харьяа дүүргийн цэцэрлэг дээр ажиллаж буй ажлын хэсэгт хандаж зөвлөгөө, дэмжлэг авах боломжтой байна.